Архитектор: Галзуу суут ухаантан ЗАХА ХАДИД

Архитектор, Дизайнер бүрийн мэддэг байх хэрэгтэй хүний нэг бол Заха Хадид. Анх энэ хүний архитектор, интерьерийн шийдэлүүдийг хараад нүдээ салгаж чадахгүй байж билээ. Мөн эмэгтэй хүн гэдгийг нь мэдээд бүүрч бишэрч билээ. Түүний гайхалтай хэлбэр дүрс стил....
Ингээд Заха Хадидын талаарх нийтлэлийг хүргие.

Заха Хадидийн төсөөлсөн, ургуулсан санаа бүр нь барилга болон сүндэрлэж байгаа гэхэд болно. Шүтэн бишрэгчид нь түүнийг галзуу суут ухаантан гэдэг бол атаархагчид хоосон фантазийн “архитектор” гэдэг.


63 настай Заха Хадид өнөө цагийн хамгийн эрэлттэй, хамгийн алдартай архитектор гэгдэж буй. Түүний бүтээлүүд андашгүй. Төсөөлөл, уран зөгнөлөөс төрсөн тэдгээр барилгууд мушгирсан, хайлж урссан, эсвэл тэнгэрт цойлсон, газарт шингэсэн мэт харагдана. Заха Хадидийн архитектурт дурлагсад түүнийг барилгын талаарх хатуу тогтсон ойлголтыг орвонгоор нь эргүүлж, тэгш өнцгөөс үүддэг олон асуудлыг шийдэж чадсан гэж үнэлдэг.

Харин түүний архитектур хар зурагнаасаа хавьгүй сайн болдог гэдэгтэй бүгд санал нийлдэг юм.

Иракийн чинээлэг, либерал гэр бүлд төрсөн Заха Хадид сүүлийн 40 гаруй жилийг Лондонд өнгөрүүлсэн тул Англи түүний хоёр дахь эх орон нь болжээ. Түүнийг архитектурын чиглэлээр суралцахаар 70-аад оны үед Лондонд очих үед хүн болгон өөрсдийнхөөрөө ирээдүйг төсөөлөхийг хичээж, шинэ шинэ утоп гаргаж ирцгээж байв. Ирээдүй ямар байхад итгүүлэх мэдээж хэцүү шүү дээ. Заха Хадид харин төсөөллөө бодит болгохыг хичээсэн хэрэг. Тэрбээр “Хүмүүс фантазийг амьдралд хэрэгжих боломжгүй зүйл мэтээр ойлгодог. Тийм биш. Хүн хичээвэл юуг ч хийж чадна.” гэсэн юм. Харсан хүний цус хөөрч, уулга алдмаар тэдгээр бүтээлүүдээс хамгийн алдартай нь Австрийн Инсбрук дахь Бергисел цамхагт гулсуур, Италийн Ром дахь 21-р зууны урлагийн үндэсний музей-MAXXI, Гуанжоугийн дуурийн театр, Лондоны усан спортын төв, Герман дахь BMW төв барилга, Азербайжан дахь Хейдар Алиев соёлын төв билээ.

Архитектурын салбарт хүчээ сорьсон Заха Хадид эхний жилүүдэд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхэд багагүй хугацааг зарцуулсан гэдэг. Тухайн үед бүтэхгүй мэт санагдаж байсан түүний бүтээлүүд хүмүүсийг алмайруулж чадсан билээ. Харин одоо компьютерийн программ, техник технологийн хөгжлийн тусламжтайгаар Заха Хадид өөрийн нэрийн хуудас болсон хэлбэр дүрсгүй, оосор бүчгүй санаануудаа хэрэгжүүлж, гайхамшгийг бүтээж явна. Мэдээж цахимжсан эриний шинэ ухаалаг хэрэгслүүд түүнд өөр ямар ч архитекторын олж чадаагүй боломжийг нээж өгсөн билээ.

Заха Хадидийн барилгууд хэлбэр, хэмжээ, зориулалт, байрлалаараа дахин давтагдашгүй боловч архитекторын салбар дахь бүх цаг үеийн хамгийн онцгой загваруудыг өөртөө шингээсэн футурист барилгыг нь ямар ч хүн хараад л түүний бүтээл гэдгийг мэддэг онцлогтой. 2004 онд Заха Хадид Прицкерийн шагналын эзэн болсон нь анхны эмэгтэй архитектор, бас анхны лалын шашинтан байв. Прицкерийн шагнал нь архитекторын салбартаа Нобелийн шагналтай дүйцэхүйц нэр хүндтэй шагнал юм. Заха Хадидийн архитекторыг “Байгалийн ер бусын хүч”, “Бурхны бүтээл”, “Эмэгтэй хүний нарийн мэдрэмж” шиг хэмээн магтдаг.

Нөгөө талаар бас шүүмжлэгчид ч бий. Заха Хадидийн одоо ажиллаж буй хамгийн том хоёр төсөл нь Токио хотод барих 2020 оны зуны олимпийн цэнгэлдэх. Нөгөө нь Катарт болох 2022 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний цэнгэлдэх хүрээлэн аж.

80,000 хүний суудалтай Токиогийн олимпийн цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг хэт нүсэр, өндөр өртөгтэйн дээр хэтэрхий дуураймал гэх шүүмжлэл гарч, Японы Боловсролын сайд төслийн өртгийг танахаа мэдэгдсэн билээ. Гэвч цэнгэлдэхийн загварыг Заха Хадидийнхаар үлдээхээр болсон юм. Гэвч 2022 оны Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний Аль-Вакра цэнгэлдэхийн загвар эмэгтэй хүний “үтрээ”-тэй адилхан болсон гэх хэл ам цахим ертөнцөд тасрахгүй байна. Арабын эртний далбаат онгоцноос санаа авч, хөлбөмбөгийн цэнгэлдэхийн загварыг гаргасан Заха Хадид “Хөлбөмбөгийн цэнгэлдэхийг үтрээтэй зүйрлэх чинь бүдүүлэг. Ийм юм сэдэж, ярьж буй нь ичмээр хэрэг” гэж шүүмжлэгчдэд хариу барьсан юм.

Тэрбээр өдгөө дэлхийн 55 үндэстний шилдэг 500 инженерийг нэг дор цуглуулсан компанийг толгойлдог. Тэрбээр “Бид байдаг л энгийн санааг авч хэлэлцдэггүй. Бид бас жижигхэн, хөөрхөн байшингууд барьдаггүй. Хүмүүс тэгш өнцөгт барилгад их дуртай байдаг. Ийм байшин зай талбай ихтэй гэдэг энгийн ойлголтоос болоод тэр. Тийм биш гээд хэлчихвэл яадаг бол. Дэлхий тэгш өнцөггүй шүү дээ. Та цэцэрлэгт хүрээлэнд очихоороо “Бурхан минь, энд ямар ч булан алга” гэдэггүй биз дээ.“ гэдэг аж. Мэдээж бүх барилгуудаа тэрбээр тав тухтай, “хүн амьдарчихаар” барихыг хичээдэг.

Заха Хадидийн хамгийн анхны амжилттай болсон төсөл нь 1994 оны Германы тавилгын үйлдвэрийн гал сөнөөх хэлтсийн барилга байв. Гал сөнөөх хэлтсийн барилга гоо зүйн талаасаа өндөр үнэлэгдсэн тул сүүлд сандлын музей болж, зориулалт нь өөрчлөгджээ.

Бас нэг шүүмжлэл дагуулсан бүтээл нь Азербайжаны ерөнхийлөгч асан Хейдар Алиевийн дурсгалд зориулсан соёлын төв. Хейдар Алиевийн хүү, тус улсын одоогийн ерөнхийлөгчийн захиалгаар барьсан уг сансрын аварга амьтныг  санагдуулам уг барилга 2008 оноос хойш Баку хотын шинэ хот төлөвлөлтийн хүрээнд 60,000 гаруй иргэнийг хүчээр нүүлгэн шилжүүлэхийн эхлэл болсон гэдэг.

Тэрбээр энэ талаар “Би улстөрч биш. Миний хувьд нийт хүн амд зориулсан хотын барилга барих нь чухал. Хэрвээ надаас номын сан бариад өгөөч гэвэл би татгалзаж чадахгүй. Номын санг хаана барих нь тийм чухал гэж үү? Хэрэв хүмүүст л хэрэгтэй, чухал гэвэл би дуурийн театр, парлементын ордонг хаана ч барихад бэлэн. Гэвч хэрэв хэн нэгэн надаас шорон бариад өгөөч гэвэл би татгалзана. Маш тансаг, орчин үеийн байсан ч хамаагүй” гэжээ.

Заха Хадид огт гэрлээгүй бас хүүхэдгүй. Тэрбээр оффисоосоо холгүй гоц гойд гэхээр юм юу ч үгүй сууцанд ганцаараа амьдардаг.

Нэгэн сэтгүүлч түүнийг хэзээ өөртөө зориулж, ямар байшин барих, загвар нь ямар байх, хэдий хэмжээний өртөгтэй байх талаар сонирхон асуухад “Үргэлж завгүй байдаг над шиг хүнд оффис л байхад болно. Яагаад гэвэл би гэртээ бараг байдаггүй” хэмээн хариулсан гэдэг.


эх сурвалж: www.news.mn

Түүний алдартай бүтээлүүд:

Италийн Ром дахь 21-р зууны урлагийн үндэсний музей-MAXXI
Zaha Hadid's greatest buildings

Гуанжоугийн дуурийн театр

Zaha Hadid's greatest buildings

Лондоны усан спортын төв
Zaha Hadid's greatest buildings



Герман дахь BMW төв барилга
Zaha Hadid's greatest buildings

Токио 2020 Үндэсний стадиум

British-designed stadium to be centre piece of Tokyo 2020 Olympic Games


Түүний фэйсбүүк хуудас : Zaha Hadid

Website : http://www.zaha-hadid.com/

Comments

Popular posts from this blog

Интерьер дизайн гэж юу вэ?

Бакалаврын дипломын төсөл

Хэрхэн 3DS MAX 2016-2019 үнэгүй татаж авах вэ?