Айн Рэнд - Миний худалдаж авсан нөхөр (өгүүллэг)
Ayn Rand “The husband I bought”
Би энэ өгүүллэгийг бичих учиргүй байсан юм...Зөвхөн чив чимээгүй байснаараа л би энэ бүхнийг даван туулсан. Өөрийгөө дуугүй байлгахын тулд магадгүй энэ хорвоо дээрх ямар ч бүсгүй туулж гараагүй тэр их зовлонг тэссэн байх. Харин одоо... Би ярьж эхлэхээр шийдсэн. Үнэндээ одоо нууцаа дэлгэх нь ямар ч утгагүй ч гэлээ надад итгэл найдвар байсаар байгаагаа би саяхан мэдсэн юм. Миний эцсийн ганцхан найдвар. Надад одоо их цаг үлдээгүй байгаа. Амьдрал хов хоосорч, эрлэгийн үүдэн дээр оччихоод байхад хамгийн эцсийнхээ боломжийг ашигласныг минь буруутгах хүн гарахгүй гэж би найднам. Бүх юм дуусахын өмнөх ганцхан боломж... Тийм учраас би энэ нууцаа бичихээр шийдсэн юм.
Би Гэнрид хайртай байсаан, одоо ч хайртай. Өөрийнхөө тухай, өнгөрүүлсэн амьдралынхаа тухай хэлж чадах ганцхан зүйл гэвэл ердөө л энэ. Миний амьдрал гэвэл ердөө л Гэнри. Энэ хорвоо дээр хайрлаж дурлаж үзээгүй хүн нэгээхэн ч үгүй биз ээ! Гэхдээ хайр гэгч чиний ухаан санаа, зүрх сэтгэл гээд бүхий л хил хязгаарыг төвөггүй давж чаддаг юм билээ.
Би түүнтэй хэрхэн танилцаж байснаа огт боддоггүй юм. Надад угаасаа ч чухал биш. Би түүнтэйгээ уулзах учиртай л байсан, тэгээд л бид учирсан. Хэзээ, яаж, яагаад түүнийг хайрлаж эхэлсэн, хэрхэн түүнийг хайрладгаа ухаарсныгаа бол бүр ч мэдэхгүй. Миний мэдэх зүйл гэвэл амьдрал маань хоёрхон үгнээс бүрдэж байсан. “Гэнри Стаффорд”. Тэр өндөр туранхай, бас хэтэрхий үзэсгэлэнтэй хүн байсан. Тэр маань асар их хүсэл тэмүүлэлтэй байсан ч тэрийгээ хэзээ нэгэн цагт анзаарч байсан гэж боддоггүй. Байгалиасаа л тэр чигээрээ төрсөн хүн байсан. Үргэлжилсэн их хүсэл мөрөөдөл түүнд бурхнаас заяасан байж билээ. Гэнри миний л мэдэх хамгийн төгс төгөлдөр, ухаалаг эр. Бүх л хамт олон даяараа түүнийг гайхан биширдэг байхад тэр бусад хүмүүсийг шоглон хөхөрч чаддаг байлаа. Бага зэрэг залхуу, бас няхуур. Гэхдээ түүнийг юу ч цочроож чадахгүй. Өөртөө шүүмжлэлтэй бас итгэлтэй ханддаг ч бусадтай тохуурхангуй ихэмсэг байдлаар харьцдаг байсан юм.
Мэдээж манай жижигхэн хотын охин бүр түүн рүү хошуурдаг байлаа. Тэр хүн бүртэй нээлттэй сээтгэнэдэг байсан нь охидыг галзууруулах дөхдөг байв. Аав нь түүнд томоохон бизнес орхисныг Гэнри зовлон багатай ч хангалттай мөнгө олж чадахуйцаар зохицуулан эрхэлдэг байлаа. Тэр нийгэм хамт олонтойгоо харьцахдаа, хатагтай нартай сээтэгнэхдээ, ном сонин уншихдаа гаргадаг эелдэг, төгс тоомжиргүй байдлаараа бизнесээ эрхэлдэг байсан.
Ноён Барнс нас ахисан хуульч, хуучин анд маань нэг удаа:
- “Тэр боломжгүй залуу... Би түүний хайрлах бүсгүйд атаархана..., харин түүнтэй гэрлэх бүсгүйг өрөвдөнө” гэж их л бодлогошронгуй дуугаар хэлж байсан сан.
Тухайн үедээ бол би ганц ноён Барнсын ч биш олон хүний атаархлыг төруулсэн.. Гэнри Стаффорд намайг хайрласан. Тэгэхэд би дөнгөж хорин нэгэн настай, хамгийн сайн их сургуулиудын нэгийг төгсчихөөд байсан юм. Би эцэг эхийнхээ үлдээсэн үзэсгэлэнтэй эдлэн газарт, уугуул хотдоо ирж амьдрахаар шийдсэн маань ямар ч учиртай байсан юм бэ дээ. Ойрын ямар ч хамаатангүй надад үлдсэн тэр эдлэн газар том, тансаг, бас уужим сайхан цэцэрлэгтэй байлаа. Би тэндээ өөрөө өөрийнхөөрөө амьдарсаар бүр дасчихсан байв.
Энэ өгүүллэгтээ би хамаг л үнэнийг хэлж байгаа учраас би өөрийгөө үзэсгэлэнтэй сайхан байсан гэдгээ ч хэлэх хэрэгтэй болов уу! Бас бусдаас илүү цэцэн цэлмэг гэдгээ ч би мэддэг байсан. Ер нь ухаалаг хүн өөрийнхөө ухаалгийг яаж ч байсан мэддэг шүү дээ. Хүмүүс бүгд л намайг “Дэндүү сайхан ухаалаг охин, асар ирээдүйтэй бүсгүй” гэлцдэг байсан ч миний өөрийнхөөрөө занд маань нэг их дургүй байгаагүй шиг санагддаг.
Би Гэнри Стаффордод хайртай байлаа. Миний насныхаа эцэст ойлгож авсан зүйл бол ердөө л энэ. Тэр миний амьдрал байсан юм. Хэзээ нэгэн цагт өөр хүнийг хайрлаж чадахгүй гэдгээ би үргэлж мэддэг байсан. Тэр маань ч үнэн байжээ. Магадгүй хүн хүнээ тэгж их хайрлаж болохгүй, дэмий байдаг байх. Гэхдээ одоо хэн ч надад тэгж хэлээд нэмэргүй болжээ.. Тэр л миний амьдрал байсан юм байж.
Стаффорд ч надад хайртай байсаан. Бүр чин сэтгэлээсээ. Магадгүй би түүний амьдралдаа анх удаа инээлгүйгээр харсан зүйл нь байсан байх. “Би өөрийгөө хайрын өмнө ийм хүчин мөхөс амьтан болчихно гэж хэзээ ч боддоггүй байж” гэж тэр заримдаа зөөлхөн хэлдэг байв.
- “Чи минийх байх учиртай, Иринэ. Яагаад гэвэл би өөрийнхөө хүссэн бүгдийг авах гэж хорвоод төрсөн хүн. Харин чи бол миний хорвоогоос хүсэх ганц зүйл”
гээд гарыг маань хурууны өндөгнөөс мөр хүртэл үнсэж байсныг нь би мартдаггүй.
Би түүн рүү харахдаа энэ хорвоо дээрх өөр юуг ч мэдэрч чадахаа больдог байлаа. Түүний хөдөлж байгаа нь, ааш аяг, дуу хоолой нь гээд бүгд л намайг чичрүүлж орхидог. Үүн шиг их сэтгэлийн хөдлөл, хүсэл биед чинь нэг орчихвол хэзээ ч гардаггүй юм билээ. Гагцхүү эцсийн амьсгал чинь л үүнийг төгсгөл болгоно. Энэ мэдрэмж биеийг чинь шатаж дуустал оршино. Дахин шатах юу ч үлдээгүй байхад ч тэр мэдрэмж бадамлан ассаар л байх болно. Тэгээд л аз жаргал эхэлнэ дээ. Дэндүү их жаргал...
Тэр нэгэн өдрийг би бүүр маш тод санаж байна. Үер усаар ямар баян байдаг билээ дээ... Яг л тийм их нартай нэгэн өдөр байсан юм. Тэр бид хоёр дүүжин даажин дээр тоглож байлаа. Бид хоёр цав цагаан хувцастай, урт нарийн тавцангийн хоёр талд нь зогсчихсон, олсноос гараараа чанга гэгч нь атгачихсан нэг талаас нөгөө рүү нисэх мэт савлуурдаж байлаа. Бүр хэтэрхий хурдтай савлуурдаж байсан болохоор олс хачин жигтэй дуу гаргаж, би бараг амьсгалж ч чадахгүй байсан юм. Дээшээ... Доошоо... Дээшээ... Доошоо... Дэрвэгэр банзал маань өвдөгнөөс ч дээш гарч нисэн байхад тэр минь “илүү хурдан, илүү хурдан” хэмээн хашгирч байлаа. “Дээшээ... Гэнри дээшээ...” гэж би хариулсан. Цамц нь цээж онгорхой, ханцуйгаа тохой хүртлээ шуучихсан тэр маань ямар ч үзэсгэлэнтэй харагдаж байгаа вэ дээ... Гараараа олсноос барьчихсан хүний хөнгөн шингэн хөдөлгөөн, хүчтэй уян бие нь савлуурыг дор нь л хөдөлгөчихөж байлаа. Үс нь салхинд намираад л...
Амьсгалж ч чадахгүй, тэр хурц наранд байхдаа би өмнөө байгаа залуугаас өөр юуг ч мэдрэхгүй байж билээ. Дараа нь хэн хэндээ юу ч хэлэхгүйгээр савлуурын хамгийн өндөр цэгээс хамаг хурдаараа үсрэн буусан. Газарт унахдаа бид гар хөлөө бяцхан шалбалцгаасан боловч тэр тухай хэн маань ч бодох сөхөө байсангүй. Тэр намайг тэвэрч савлуур дээр байхад ч мэдрэгдээгүй тэр их галзууралтайгаар үнссэн юм. Энэ бидний анхны үнсэлт биш байсан ч би тэр үнсэлтийг хэзээ ч мартахгүй. Түүний гарт байгаагаа бодохоор би бараг ухаан алдах гэж байлаа. Мөрийг нь чанга гэгч нь базаж(урт хумс маань цусыг нь гартал хүчтэй базсан байлаа) түүнийгээ үнссэн. Дараа нь хүзүүг нь... цамцных нь онгорхой заханд нь хүртэл үнссэн... Тэр үед нэг л үгийг тэр минь зөөлөн шивнэж байлаа:
- Үүрд ийм байна гэж хэлээч... Иринэ... Үүрд...
Дараагийх нь өдөр тэр ирсэнгүй. Үдэш хүртэл сэтгэлээ чилээн хүлээлээ. Байхгүй. Дараагийн өдөр нь ч бас тэр үзэгдсэнгүй. Харин миний анхаарлыг жаахан ч болов татахыг хүсэн явдаг, өөртөө итгэлтэй нэгэн залуу дараагийн өдөр нь намайг дуудаж янзан бүрийн юмны тухай эцэс төгсгөлгүй мэт юмс ярьсаар байснаа сүүлд нь:
- “Нээрээ сониноос, Гэнри Стаффордын бизнес аюулд учирсан гэнэ лээ. Их л чухал хэцүү юм болсон гэж хүмүүс ярилцацгаах юм билээ”
гэж хэллээ. Маргааш нь би тэр муухай мэдээг бүтнээр нь сонсож билээ. Гэнри бүр сүйрч дууссан байлаа. Тэр өөрөө юу ч үгүй хоосроод зогсохгүй, маш олон хүнд насаараа төлөх асар их өрөнд орсон байлаа. Гэхдээ энэ нь түүний буруу биш байжээ... Зүгээр л болчихсон юм байж. Хүн бүр тэрийг нь мэдэж байсан хэрнээ бүгд л түүнийг буруутгаж байв. Тэр дампууралтай хамт түүний нэр төр, ажил хэрэг, ирээдүй гээд бүх зүйл нь шалбаагт унасан юм.
Түүний компани сүйрсэн нь манай хотынхныг хэсэгтээ л баясгаж байв. Зарим нэг нь Гэнриг өрөвдөх боловч, ихэнх нь баяртай байлаа. Хүмүүс Гэнриг хүндэлдгийнхээ зэрэгцээгээр атаархдаг байж, эсвэл тэд түүнийг хүндэлдэг болохоороо ч атаархдаг байсан биз. Нэг хүн “Одоо түүнийг ямар нүүр гаргахыг нь харах юмсан” гэж байхыг нь би сонссон, бас өөр нэг нь “Ха ха шившигтэй юм” гэнэ...
Маш олон хүмүүс намайг ч бас зүгээр байлгасангүй.
- “Гэнри тэр Иринэ Вилмэрийн юунд нь болдог байна аа”
гэж Паци Тиллинс гэгч алдартай сээтэн хүүхэн олон хүний санал бодлыг нэг өгүүлбэрээр хэлчихэж билээ. Харин хатагтай Хью-Маниа нийгмийн тэргүүн хүмүүсийн нэг(гэм нь хүнтэй гэрлүүлэх гурван охинтой) надад:
- “Чи цагаа олж зугаацсан нь болсон юм . Угаасаа би тэр залууг нэг л бүтэхгүй амьтан гэж мэдээд байсан юмаа”
гэж хэлж байна. Гэтэл Паци нүүрээ будангаа хажуугаас нь:
- “Тэгэхээр хонгор минь дараагийнх нь хэн бэ?” гэх нь дуулдана.
Эдгээрийн аль нь ч надад ямар ч нөлөө үзүүлэлгүй байж чадсан юм. Би ямар ч гэсэн нөхцөл байдлыг ойлгож, энэ сүйрэл үнэхээр Гэнриг дахиж босч ирэхгүй болгож уу үгүй юу гэдгийг мэдэхийг л хүсч байсан. Миний хүндэлдэг нэгэн бизнесмен санамсаргүйгээр бүх асуултанд маань хариулчихав. Тэрээр нэг найздаа ингэж ярьж байсныг нь би санамсаргүй сонсчихсон юм:
- “Гэнри уг нь үнэнч шударга сайхан залуу байгаа юм... гэхдээ одоо аль болох хурдан өөрийгөө буудах л түүний нэр төрийг аварч чадах биз...”
Тэгээд л би бүхнийг ойлгов. Би удаан ч бодсонгүй, мөрөн дээрээ нэг юм авч хаячихаад л тэднийх рүү хамаг хурдаараа гүйж билээ. Түүнийгээ харсан даруйдаа би өөрийн эрхгүй айн чичирсэн. Би түүнийгээ бараг л таньсангүй, ширээн дээр сууж байгаа чулуун нүүр хөдөлгөөнгүй нүд түүнийх минь гэхэд итгэмээргүй байлаа. Сандлынх нь хажуугаар түүний нэг гар нь амьгүй юм шиг унжиж хурууных нь өндөг үл мэдэг чичирнэ. Намайг орж ирэхийг ч тэр мэдсэнгүй. Би түүн рүү очоод толгойгоо өвдөгнийх нь завсар хийн сөхрөн унав. Тэр хэсэг дагжин байснаа гарыг минь хүчтэй татаж намайг босгоод
- “Гэртээ харь Иринэ” гэж хүйтэн утгагүй өнгөөр хэллээ. Тэгээд:
- “Дахиад хэзээ ч битгий эргэж ирээрэй!”...
- “Чи надад хайргүй юм гэж үү? Гэнри” гэж би өөрөө ч мэдэлгүй шивнэв.
- “Одоо бидний хооронд юу ч болохоосоо өнгөрсөн гэдгийг чи ойлгохгүй байна гэж үү?” гэж хэлэхэд түүний дуунаас зовлон шаналал, уур уцаар ханхалж байсан.
Би ойлгож байлаа.
Гэхдээ би ойлгонгуутаа инээмсэглэсэн юм. Энэ бүгд, түүний хэлсэн үнэн байх ямар ч учир байхгүй. Мөнгө одоо бидний хайрыг сатааруулах гэж оролдож байна. “Мөнгө надаас Гэнриг булаах гэнээ? шог юм...” би чанга гэгч нь инээж эхэллээ. Гэхдээ айдас дүүрэн инээдээр... Хэрвээ чиний бүх л амьдрал, утга учир, чамд байгаа ганцхан бурханыг чинь зөвхөн мөнгөгүй болсных нь төлөө орхи гэвэл инээд чинь хүрэхгүй гэж үү? Тэр маань намайг сонсохыг хүсээгүй ч би сонсуулж чадсан юм. Хэр зэрэг удаан хэдэн цаг гуйснаа ч би мэдэхгүй байна. Тэр үгүйсгэсээр л байлаа. Тэр заримдаа зөөлхнөөр намайг орхихыг гуйж, заримдаа хүйтэн өнгөөр яв гэж хашгирч байв. Гэсэн ч би түүний нүдэнд байсан асар хүчтэй хайр хэвээрээ байсныг олж харсан. Тийм учраас явах тухай бодсон ч үгүй. Би түүний хөлд нь сууж
- “Гэнри Гэнри... Би чамгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ, чадахгүй”
гээд уйлж байлаа. Гэхдээ л түүнийг намайг сонстол нь бас л зөндөө удсан. Гэсэн хэдий ч цөхрөл ямагт залуураа олдог юм билээ. Эцсийн эцэст тэр бууж өгсөн юм. Тэр гэнэт намайг тэвэрч нүүрийг минь нулимс үнсэлт хоёроороо будаад
- “Тэгнээ... Иринэ... тэгнэ”
гэж хэлээд чичирч билээ. Түүний их хайр бүгдийг нь дуусашгүй их сэтгэл хөдлөлөөр дүүргэсэн байлаа.
Манай бяцхан хотынхны гайхшрал Гэнригийн дампуурлаар дууссангүй. Тэд бид хоёрын тухай дуулахдаа ёстой нэг дэлбэрэх шиг болж байлаа. Эхлээд түүнд хэн ч итгэсэнгүй. Итгэх ч аргагүй байсан юм чинь... Тэд бүгд намайг галзуу солиотой мэтээр бодож байв. Гэхдээ үнээн, би хайрандаа галзуурчихсан байсан юм... Хатагтай Хью хүртэл над дээр гүйж ирээд
- “Чи чинь галзуураа юу? Чи түүнтэй гэрлэж болохгүй, Иринэ... энэ чинь тэнэг хэрэг.. үнэхээр тэнэг!...”
гэж үнэн сэтгэлээсээ хэлж байсан. Тэр бүр хэлэх үгээ ч олохгүй байв. Түүний найз, өөрийгөө нэг их илэрхийлээд байдаггүй ноён Броган хүртэл
- “Наадах чинь солиорчихож” гэж хэлж байсан юм даг.
Ноён Дэвис(манай эцэг эх хоёрын хуучин анд) надтай ярихаар ирлээ. Тэр намайг дахин энэ шийдвэрээ бодож үзэхийн хүсэв. Би өөрийнхөө ирээдүйг нөхрийнхөө өрийг төлөхдөө зарцуулах юм бол юу ч үгүй үлдэж хамраараа газар хатгана гэнэ. Ха ха ха... Би үүнийг сонсоод инээхээс өөр юу ч хэлсэнгүй. Би дэндүү их жаргалтай байлаа.
Хамгийн холын хараатай үгийг ноён Барнс хэлсэн юм. Тэр над руу бодлогоширсон нүдээр удаан ширтэж амьдрал таньсных нь ул мөр болж үлдсэн уйтгартай зөөлөн инээмсэглэлээр мишээж
- “Чамайг дандаа ийм баяртай байхгүй л болов уу гэж би айж байна, Иринэ... Ийм их хүсэл мөрөөдөл, дэврүүн тэмүүлэл сайн юм авчирдаггүй юм шүү!”
гэж хэлсэн юм. Дараагаар нь тэр Гэнри рүү эргэж
- “Стаффорд! Чи өөрийнхөө алхах гишгэхийг мэдэж л яваарай даа...”
гэж хүйтэн өнгөөр хэллээ.
- “Надад тэгж хэлэх тань илүүц биз дээ!”
гэж Стаффорд түүнээс дутахгүй хүйтэн өнгөөр хариулсан юм.
Ингээд бид гэрлэлээ. Зарим хүмүүс төгс аз жаргал хэзээ ч байдаггүй гэж хэлэх нь бий. Гэхдээ би тэр төгс аз жаргалыг амссан юм. Миний мэдэрч байсан тэр мэдрэмжийг аз жаргал гэхэд ч багадна... Би Гэнригийн эхнэр нь боллоо... Би одоо Иринэ Вилмэр биш Иринэ Стаффорд. Би гэрлэчихээд яг яаж байснаа санадаггүй юм. Ер нь юу ч санадаггүй юм. Хэрвээ хэн нэг нь ирээд надаас гэрлэчихээд яаж байсан, ямар байсныг маань асуувал би ганцхан л үг хэлж чадна – “Гэнри”. Тэр үргэлж дэргэд минь байсан, надад өөр юу хэрэгтэй байх билээ дээ. Би өөртөө байсан бүхнийгээ зарж түүний өрийг дарж нэг ёсондоо түүнийг аварлаа. Бид одоо зөвхөн хоёр биенийхээ төлөө амьдрах л үлдлээ. Өөр хэн ч бид хоёрыг ядраахгүй, зөвхөн бид хоёр... Хоёр хүн хамтдаа туулж болох хамгийн агуу амьдрал.
Гэхдээ нэг их удалгүй ирээдүйнхээ тухай бодохоос өөр аргагүй болсон юм. Бид нэгэнт надад байсан хамаг мөнгийг үрж, миний байшин сав, үнэт эдлэлийг бүгдийг нь зарчихсан байсан учраас, өөр орлогын эх үүсвэр олох шаардлагатай болов. Гэнри их сургуулиа инженер мэргэжлээр төгссөн учраас энэ чиглэлээр ажиллах болов. Хэдий нэг их сүртэй ажил биш байсан ч урьд нь мэргэжлээрээ ажиллаж байгаагүй түүнд дажгүй л эхлэл байлаа.
Манайх гэдэг айл нэгэн бяцхан сууцанд амь зогоох болов. Тэгээд л амьдрал эхэлсэн дээ. Түүнийг зохих ёсоор амьдруулах гэж би өөртөө байдаг хамаг хүчээ шавхаж байв. Гэнри маань заримдаа эрч хүчээ хуваарилж чаддаггүй учраас би түүний ажилд нь ч тусалдаг байсан. Маш чухал ажлынхаа тэг дунд нь явж байж, буйдан дээр хэвтэж сонирхолтой ном уншин тамхи баагиулан хэвтэх нь түүний хувьд байнга тохиолддог үзэгдэл байв. Гэсэн ч би түүний ажлыг нь хийлгэх аргуудыг үргэлж олж чаддаг байсан бөгөөд тэр маань улам л илүү амжилттай ажилласаар байлаа.
Би түүний энгийн нэгэн найз нь юм уу, зарц нь болж хувирахгүйг хичээж байв. Би түүний эхнэр нь бас амраг нь байж чадсан гэж боддог. Би өөртөө тодорхой бус жихүүн байдлыг бий болгосон нь намайг түүнээс үл мэдэг холдуулж, түүний сонирхлыг нь улам хөдөлгөж чаддаг байсан. Гэрийн бүх ажлыг чухам хэзээдээ хийгээд байгааг минь тэр хэзээ ч анзаарч байгаагүй. Би түүний хувьд баталгаат бараа биш гэрийнхээ хатан хаан, нэгэн нууцлаг оршин тогтногч болж чадаж байлаа. Бид хоёр гэрийн амьдралыг хэзээ ч анзаарч байгаагүй гэж би итгэл дүүрэн хэлнэ. Бид асар хүчтэй сэтгэлээр жигүүрлэсэн амрагууд байлаа... Тэгээд л болоо...
Би түүний амьдралыг нь романс болгож чадсан. Би амьдралын өдөр хором бүрийг өөр өөр, сэтгэл хөдлөм болгож чадсан. Гэр маань амарч, идэж унтдаг газар бус, тэр маань тэмцэж, хожиж, эзлэн авах тоглоомыг тоглодог сэтгэл хөдөлгөсөн ордон байлаа.
- “Чам шиг бүсгүйг бүтээх гэж хэн бодож олдог байна аа, Иринэ”
гэж тэр маань заримдаа хэлдэг байв. Түүнчлэн:
- “Миний амьдарч байгаа нь зөвхөн чиний хүчээр юм шүү дээ”
гэж хэлээд, мөр хүзүүг маань гал халуун үнсэлтээр төөнөдөг байлаа. Би юу ч хэлсэнгүй. Би ер нь түүнд хэзээ ч сэтгэлээ бүхлээр нь үзүүлж байгаагүй юм. Эр хүн өөрийгөө бүсгүй хүний бүх амьдрал гэдгээ мэдээд хэрэггүй байдаг. Гэхдээ л Гэнри үүнийг мэдэрдэг байсныг нь би мэднэ.
Хэсэг хугацаа өнгөрсний дараа биднийг үл ойшоосон өнгөөр угтсан хотынхон маань арай эелдгээр хандаж эхлэв. Гэхдээ тэмцэл, хөдөлмөр, ганцаардлаас өөр зүйлгүй байсан эхний хэдэн жилүүдэд би ганцаархнаа л Гэнриг хөтөлж явсан юм. Тэр жилүүдэд түүнд надаас өөр хэн ч хэрэггүй байсан гэдгийг би ам бардам хэлнэ. Манай гэрээр байнга ирдэг байсан зочдын нэг нь миний сайн анд ноён Барнс бөгөөд тэр бидний амьдралыг анхааралтай ажиглаж, бидний үл бүтэх аз жаргалыг гайхдаг байв. Нэг удаа тэр:
- “Иринэ, хэрвээ тэр чамд хайртай байхаа больчихвол яах вэ?”
гэж асуусан юм. Би хамаг хүчээ гарган байж
- “Дахиж наад тухайгаа битгий дурс, зарим юмнуудыг ярих ч хэрэггүй дэндүү муухай байдаг юм”
гэж хэлж билээ. Цаг хугацаа урссаар... гэвч бидний хайр хол хөндий болохын оронд улам бүр агуу болсон байв. Түүний ажлын өрөөний камин зуухны өмнө бид хоёр үдшийг өнгөрөөх дуртай байсансан. Би дэрэн дээрээ сууж, хивсэн дээр хэвтэж байгаа түүний толгойг өвдөг дээрээ тавиад дүрэлзэх галын элчинд удаан гэгч нь үнсэлцдэгсэн.
- “Хоёр хүн яаж ингэж нэг нэгтээ тохирдог байнаа гэж би хааяа боддог юм аа, Иринэ” гэж тэр заримдаа хэлнэ.
Бид ингэж дөрвөн жил амьдарсан юм. Бүтэн дөрвөн жил төгс аз жаргал, ухаангүй дурлал. Тийм их аз жаргал хүн болгоны амьдралд тохиолддог ч юм уу мэдэхгүй. Тэгээд бодохноо одоо би өөрийгөө зовж байна гэж хэлэх эрхтэй эсэхээ ч бас сайн мэдэхгүй байна. Би амьдралд асар өндөр үнэ төлсөн нь үнэн ч, амьдрал надад бас агуу их аз жаргалыг бэлэглэж байсныг би мартахгүй ээ! Миний туулж өнгөрсөн зовлон жаргал хоёр ер нь л яг тэнцэх байх...
Бид хоёр нийгмийн амьдралд дахин орж эхэллээ. Хүмүүс бид хоёрын жигтэй дурлалыг үзээд магадгүй урьдынхаасаа илүүтэйгээр хүндэлж харьцдаг байсан байх. Гэнриг хүн болгон л хүндэлж байдаг, хаа сайгүй урьж залдаг болов. Түүний ажлын амжилт ч ахиж, ямартай ч хамгийн сайн инженерүүдийн тоонд зүй ёсоор багтдаг болсон байлаа. Түүн шиг хөгжилтэй сонирхолтой хүнийг зөвхөн мөнгө төгрөггүйгээс нь болоод нийгэм түлхдэггүй юм билээ.
Ийнхүү өдөр хоног аз жаргалтай өнгөрч байтал тэр явдал болсон юм... Энэ бүхнийг би амьдарч туулсан юм чинь бичиж чадах зориг надаас гарна аа...
Манай хотод нэгэн шинэ бүсгүй үзэгдэх болов. Түүний нэр нь Клэйр Ван Дален. Тэр нөхрөөсөө салсан Нью-Йорк-д амьдардаг нэгэн байсан бөгөөд Европоос буцаж явахдаа манай хотод байдаг холын хамаатныдаа зочлохоор ирсэн байлаа. Би хамгийн анх удаа түүнийг бүжгийн үдэшлэг дээр харж билээ. Тэр яг эртний уран баримал шиг уран гоо биетэй, алтан шаргал арьс гал улаан уруултай бүсгүй байж билээ. Хав хар үсээ голуур нь хувааж самнасан, бас урт ээмгийг эвтэйхэн аргагүй зүүсэн байлаа. Түүний уян намуухан хөдөлгөөн биеийг нь ясгүй мэт харагдуулж, гар нь яг л урт тууз шиг намбалзан харагдаж байв. Тэр маш энгийн хувцасласан боловч тэр л энгийн байдал нь мянган ногооноор ч үнэлэмгүй өвөрмөц байлаа... Тэр үнэхээр гайхалтай үзэсгэлэнтэй бүсгүй байсан. Манай хотынхон нөгөө бүсгүйн хөлд гайхал бахархалаа харамгүй шидэлцгээж байв. Аргагүй дээ, бид үнэхээр түүн шиг бүсгүйг урьд хожид харж байсангүй. Тэр бүх хүмүүстэй эелдэг даруухнаар харьцаж байсан ч нүүрэн дээрх хуурамч инээмсэглэл нь бусдын хайр хүндлэлд хэдийнээ дасч бүүр залхах болсныг нь бэлхэнээ харуулна.
Гэнри түүн рүү харав... удаан гэгч нь тогтуухнаар... Урьд нь түүнээс гарч байгаагүй тийм их бишрэл Клэйрийн хөдөлгөөн бүрийг ажиглах түүний харцнаас нь тодхон байсан юм... Тэр хоёр хэдэн удаа бүжиглэв.
Үдэшлэг төгсөхөд нилээд олон залуус түүнийг гэрт нь хүргэж өгөхөөр яаран сандралдан түүн рүү очив.
- “За байз би сонгоно”гэж Клэйр сэтгэл булаам инээмсэглэн хэлэхэд түүний шинэ
фенүүдийн нэг нь:
- “Байгаа бүх хүнээс сонго” гэж хашгирав.
“Байгаа бүх хүнээс ээ?” гэж тэр давтан хэлээд жаахан бодолхийлснээ,
- “Тэгвэл ноён Стаффордыг сонголоо” гэв. Хэдийгээр Гэнри түүнийг хүргэж өгье гэж
хэлээгүй боловч тэр бяцхан гайхав. Гэхдээ ямар үгүй гэлтэй биш... Ноён Барнс намайг гэрт хүргэж ирэв.
Би Гэнриг буцаж ирэхэд нь Клэйрийн тухай юу бодож байгааг нь асуулаа. Тэр товч бөгөөд тодорхойгоор:
- “Харин тийм. Сонирхолтой л юм” гэж хариулав. Би түүнийг энэ хариултаас
хамаагүй илүүгээр сэтгэл нь хөдөлсөн байсныг харсан боловч нэг их юм бодсонгүй.
Дараагийн удаа бид үдэшлэгт уригдахад, Гэнри явах ямарч хүсэлгүй байлаа. Тэр ядарчихсан бас нилээд ажилтай байсан юм.
- “Ээ, Гэнри явъя л даа. Биднийг хүлээж байгаа шүү дээ. Тэгээд ч тэнд олон хүмүүс байна, Харвингсынхан, хатагтай Хью, хатагтай Брүүкс, Клэйр, ноён Барнс гээд л”
гэж намайг хэлэхэд тэр гэнэт бодлоо өөрчилж
- “Ерөөсөө явъя” гэв.
Тэр орой Клэйр Гэнри хоёр хэнээс ч илүүтэйгээр бүжиглэв. Клэйр нуруу нь ил гарсан даашинз өмссөн байсан бөгөөд би Гэнригийн гар түүний торгон зөөлөн арьсанд үе үе хүрээд байгааг ажиглаж байв. Гэнригийн нүд рүү ямар ч саадгүй ширтэх тэр хар сормууст нүд намайг гайхшруулж билээ. Ширээнд хүртэл тэр хоёрыг нэг нэгэнд нь ойрхон суулгажээ. Үдэшлэгийг зохион байгуулагчид Клэйрийг баярлуулахыг хүссэн нь тэр байлаа.
Үүний дараагаар Гэнри Клэйрийн очсон нэг ч үдэшлэгийг алгассангүй. Тэр түүнийг машинаар дагуулан явж, түүний амьдардаг хамаатных руу нь хүртэл утасддаг байв. Хичнээн ажилтай байсан ч хамаагүй тэр Клэйрийн театрт очих орой бүр тэнд очиж амждаг байлаа. Түүний нүдэнд догдлолоор дүүрсэн сонин харц байхыг би анзаарсан юм. Харин тэр гэртээ байхдаа ухаан зулаггүй ажиллаж, хаашаа ч юм яараад байдаг байв.
Би бүгдийг алган дээрээ тавьсан юм шиг харж байв. Тэгээд үхтэлээ гайхснаас биш янзан бүрийн сэжиг төрж байсангүй. Үнэндээ тэр бодол миний толгойд яагаад ч орж ирэхгүй байлаа. Тэгээд л болоо. Тэгснээ Гэнри гэнэт л Клэйрээс хамаг холбоогоо таслав. Тэр гадагш гарахыг ч хүсэхээ байж, бүх урилгуудыг үгүйсгэдэг байв. Тэр гэртээ бүрзийн суух болов... Харин тэр бүрзгэр харанхуйн цаана юу байсныг би харж байлаа. Айдас...
Тэгэхэд л би бүгдийг ойлгосон юм. Түүний өөрийгөө татаж авах гэж оролдож байгаа нь надад үнэндээ ямар ч хамаагүй байлаа. Харин түүний барьц алдаж байгаа байдал нь... Тэр байдал л надад бүгдийг ойлгуулсан юм. Гэхдээ мэдээж тэр дор нь биш л дээ. Иймэрхүү юмс хэзээ ч нэг дор болдоггүй... Хамгийн анх удаа надад сэжиг төрөхөд цус минь царцах шиг болж дотор муухай оргиж байлаа. Дараа нь эргэлзээ... Энэ эргэлзээг үгүй болгох гэж хичээсэн нь намайг улам л ихээр зовоосноос өөр нэмэр болсонгүй. Үүний дараагаар түүнийг анхааралтай ажиглаж эхэлсэн. Тэгээд л... Тэгээд л... Явдал учрыг яруу тодоор ойлгосон доо. Тэгэхэд би толгойдоо хамгийн анх удаа буурал үс олж харсан... Дараа нь галзуурал. Би үнэндээ үүнд итгэж чадахгүй байлаа. Би энэ явдлыг болоод байсныг харж байсан ч гэсэн энэ бүгд миний толгой тархинд шингэж орж чадахгүй байлаа. Намайг эргэн тойрсон, миний дотор байгаа тэр бүхэн эцэс төгсгөлгүйгээр, хэзээ дуусах нь мэдэгдэхгүйгээр өрнөж эхлэхийг мэдрэх ямар аймшигтай хэцүү байсан гээч... Би эхэндээ асар тайван байлаа... Аймшигтай тайван. Гэхдээ тэссэнгүй би уйлж эхэллээ. Зарим шөнө аргаа барахдаа би гарнаасаа цус гартал нь хазчихдаг байж билээ. Энэ бүх тамын эцэст би тэмцэхээр шийдсээн... Миний толгой дахь амьдралын дүр зураг тэр чигээрээ солигдож, хүйтэн харанхуй айдас намайг бүрхэн авав. Гэхдээ би хамаг болоод эцсийн хүчээ шавхан бослоо... “Хүн авааль нөхрөө ингэж амархан явуулчихаж болохгүй” гэж би өөртөө хэлсэн. Тэр нэгэн цагт минийх байсан юм чинь дахиад минийх болохыг хэн байг гэхэв. Би түүний сэтгэл зүрхэнд яг юу болоод байгааг тодорхой харж байлаа. Эхлээд тэр Клэйртэй жаахан сээтэгнэсэн. Мэдээж тэр үед түүний хувьд ямар нэг ноцтой юм бодогдоогүй. Шинэ хүн түүнд сонирхолтой санагдалгүй яахав. Тэр хайр дурлалын тухай зүүдлээ ч үгүй байтал тэр нь аргагүй хүрээд ирсэн. Үүнийг мэдсэн даруйдаа тэр энэ бүгдийг эцэслэхээр шийджээ.
Ингээд бид хоёулаа тэмцэж эхлэв. Би түүний төлөө, тэр өөрийнхөө эсрэг. Бид хоёулаа удаан гэгч нь тэмцсэн ч... бид чадсангүй ээ! Тэмцэж байсан тэр үедээ тэр хэзээ ч надтай хүйтэн хөндий харьцаж намайг гомдоож байгаагүй. Тэр надтай үргэлжийнхээрээ зөөлөн намуухан харьцдаг байв. Би ч баяр баясгалантай байсан бөгөөд... урьд урьдынхаасаа улам илүү сайхан, сэтгэл татам байх гэж оролдож байсан. Гэхдээ би түүнийг нэг ч хором буцааж, сэтгэлийг нь татаж чадаагүй юм даа. Аль хэдийн бүх зүйл дууссан байлаа.
- “Гэнри, хоёулаа энэ үдэшлэг рүү явна аа!” гэж би нэг удаа их л шийдэмгий түүнд
хэллээ. Бид хоёр сүүлийн үед болсон бүх удэшлэгүүдийн урилгуудыг буцааж байсан юм. Ингээд бид хоёр тэр үдэшлэг рүү явлаа. Тэр Клэйрийг тэнд харав. Би ч түүнийг болгоомжтойгоор ажиглав... Үдэшлэгийн төгсгөлд бид хоёр хоёулаа мэдэхийг хүсч байсан юмаа мэдэж авав. Одоо хичнээн ч тэмцээд нэмэргүй болжээ...
Би тэр шөнө унтсангүй. Би хичнээн хичээсэн ч хоолойг минь ямар нэг юм боочихоод болохгүй байлаа. “Бид хоёрын хэн нэг нь энэ тамыг насан туршдаа эдлэх хэрэгтэй болжээ... Харин би юу? Гэнри юу?... Тэр зовох ёстой хүн нь би байх болно оо... Гэнри лав биш... Нэг л өдөр тэр надад хамаг юмаа хэлнэ. Тэгээд л би салчихъя. Хэрвээ тэр намайг явуулахгүй гэвэл урьдынх шигээ их хайртай биш болсон гээд л хэлнэ. Харин надад энэ бүгдийг хийх чадал хүч байгаа болов уу?”... Ямар ч гэсэн тэр надтай аз жаргалтай байхаасаа өнгөрчээ...”
Ингээд нэг орой түүнтэй цуг галын хажууд сууж байгаад би өөрийгөө хүчлэн байж
- “Гэнри, хэрвээ би чамайг хайрлахаа больсон гэвэл чи яах вэ?” гэж асуув. Тэр
миний нүд рүү намуухнаар харснаа:
- “Би итгэхгүй ээ!” гэсэн...
Цаг хугацаа явсаар байсан ч тэр надад үнэний тухай нэг ч үг цухуйлгахгүй байв. Би түүнийг ойлгохгүй байв. Тэр магадгүй намайг өрөвдөж байсан биз, гэхдээ л эрт орой хэзээ нэгэн цагт надад хэлэх л ёстой доо. Тэр маань намуухан чимээгүй хэвээрээ байсан ч би түүний арчаагаа алдаж цөхөрсөн нүд, цонхийж цайсан царайг харахдаа дотор минь муухай болдог байлаа. Ийм их сэтгэл хөдлөл эр хүнд ирэхээрээ хамаг ухаан санааг нь аваад явчихдаг юм. Би түүнийг буруутгахгүй ээ! Тэр дотроо хичнээн их зовж байсан ч ганц ч үг дуугарсангүй. Зүрх зүссэн тэр өдрүүд намайг бас шууд зүгээр орхисонгүй. Тэр юу вэ гэхээр Гералд Грей англи язгууртан залуу байлаа. Гуч эргэм насны, дэгжин, сайхан хувцасладаг, ихэмсэг, эелдэг, сээтэгнэхээс өөр мэргэжил байхгүй тэр залуу манай хотод зочилж ирсэн байлаа. Манай хотын олон бүсгүйчүүд түүнд дурласан байсан юм даг. Харин тэр яагаад надад тэгж их татагдаад байсныг нь би мэдэхгүй ч тэр дургүйцлийг минь үл ойшоон над руу залгаж ярилцах гэж оролдсоор байлаа. Өглөө сэрэх бүртээ одоо л Гэнригийн үгийг дуулах болов уу гэж горьдсоор босч ирдэг байсан тэр өдрүүдэд надад тэр залуу бас л нэг ачаа болж байлаа.
Би Гэнриг тэр тухайгаа ярих болов уу гэж удаан хүлээсэн. Гэвч тэр юу ч хэлсэнгүй. Клэйр Гэнритэй уулзах бүх нүх сүвийг хайж эрэлхийлж байсан боловч тэр Клэйртэй уулзаж болох бүх л боломжуудаас зайлсхийж байлаа. Манайх гэдэг айл үдэшлэгний урилганд дарагддаг байсан. Эцэст нь Клэйр өөрийн гараар тусгай урилга Гэнри рүү явуулсан байсан боловч Гэнри зөвшөөрөөгүй. Ингэж байтал нэгэн өдөр би бүхнийг ойлгосон юм. Тэр л өдөр би өөрийнхөө хувь заяаг шийдсэн...
Би нэг үдэшлэг рүү ганцаараа явлаа. Мэдээжийн хэрэг Гэнри ажиллах ёстой гэж шалтаглан, муухай царайлаад гэртээ үлдсэн. Харин би үдэшлэгийг зохион байгуулж байсан дотно хүмүүсээ гомдоохгүйн тулд явахаар шийдсэн юм. Гэхдээ тэр үдэшлэг надад ёстой там шиг санагдаж байлаа. Явахад тохиромжтой цагийг хүлээн суух гэдэг тэвчээрийг минь шалгасан хэрэг байв. Гэхдээ тэр үдэшлэг рүү явсандаа би хэзээ ч харамсдаггүй.
Би өрөөг голуур нь хуваасан гоёмсог хөшигний хажуугаар өнгөрөхдөө хатагтай Хью хатагтай Броган хоёрыг ярьж байхыг санамсаргүй сонсчихов. Тэд Гэнри, Клэйр, бас миний тухай ярьж байлаа.
- “Иринэ түүний төлөө тийм ихийг төлсөн юм чинь яахав дээ. Гэнри одоо түүнийг орхиж явж болохгүй шүү дээ” гэж хатагтай Хью хэлж байна.
- “Би ч гэсэн тэгж бодож байна. Иринэ чинь үндсэндээ бол авааль нөхрөө худалдаж авсан юм шүү дээ. Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгүй шдээ” гэж хатагтай Броган хатагтай Хьюг дэмжих нь тэр...
Би барьж байсан алчуураараа амаа таглав... Би одоо л учрыг ойлголоо... Би ганцаараа гэр лүүгээ алхав... Би нөхрөө худалдаж авсан... Авааль нөхрөө эд бараа шигээр худалдаж авчээ, би. Үүнд л хамаг учир нь байж. Тэр одоо намайг орхиж явж ч чадахгүй... Надад энэ тухай хэзээ ч ам нээхгүй... Тэр зовлонгоо өөртөө л хадгалах болно... Тэр надтай жаргалтай байхаасаа нэгэнт өнгөрсөн ч насан туршдаа юу ч болоогүй юм шиг явах болно... Миний мөнгөнөөс болж... Хэрвээ тэр ярихгүй юм бол би ярих учиртай...
Хэрвээ тэр мөнгө миний амьдралд байхгүй байсан бол би үүнийг хийхгүй байсан биз. Магадгүй би үргэлжлүүлэн тэмцэж Гэнригээ буцааж авах байсан байх. Гэхдээ одоо бүгдийг мэдсэн хойно.. би чадахгүй ээ! Надад тэгэх зүрх байсангүй. Тэр хэзээ нэгэн цагт наддаа сэтгэлээрээ буцаж ирлээ ч би түүнийг надад хайртайдаа буцсан уу, эсвэл миний өөрийнх нь төлөө золиослосон бүхэнд талархан буцсан уу гэдгийг яаж мэдэх билээ дээ... Тэр миний түүний төлөө хийсэн бүхний золиос болж байгаа эсэхийг би хэзээ ч мэдэхгүй болжээ... Би түүнийг сайн дураараа чөлөөлөх ёстой... яагаад гэвэл тэр надад дэндүү их өртэй учраас... Би түүний төлөө хэтэрхий ихийг золиослох чадалтай байсан учраас би нөхрийгөө хадгалж явах эрхгүй болсон байлаа.
Би ямар ч гэсэн хөдлөх хэрэгтэй. Яах вэ? Салая гэх үү? Тэр мэдээж хүлээж авахгүй... Түүнд хайргүй гэж хэлэх үү? Бүүр үнэмшихгүй...
Малгайгаа толгой дээрээ байлгаж тэсэхээ болиод авахад бяцхан бороон дуслууд духан дээр минь үнсэж, зөөлөн салхи үсийг минь илбэж байлаа... Би шийдэв... Ямар ч гэсэн мөрөн дээрээс нэг юмыг аваад хаячих шиг л болов.
Байшиндаа дөхөж очоод харвал Гэнригийн ажлын өрөөний гэрэл асаалттай харагдав. Би түүнд садаа болхогүйн тулд чимээгүйхэн гэртээ орж, түүний өрөөний хажуугаар өнгөрөхдөө зүрхийг минь зүссэн тэр нэгэн дууг сонсов... Чихэндээ итгээгүй би гэдэг хүн өрөөнийх нь хаалгаар харлаа... Гэнри ширээн дээрээ сууж толгойгоо базлан уйлж байлаа. Над руу харсан байсан нуруу нь гүн харууслаар дүүрэн нулимсыг нь гүйцээх гэсэн мэт чичрэн байв. Би хаалганаас ухасхийн холдохдоо ухаан санаагаа алдчихсан мэт болсон байлаа... Гэнри уйлжээ...
“...Гэнри одоо үхэх гэж байсан ч түүнийгээ үзүүлэх эрх түүнд байхгүй шдээ...” Би өөрийнхөө юу хийх ёстойг сайн мэдэж байлаа. Тэр намайг өөрт нь хайргүй болсонд үнэмшихгүй, тэгэхээр би түүнд ямар нэгэн аргаар үнэмшүүлэх л хэрэгтэй. Би өрөө рүүгээ айдас хүйдэс, цөхрөл гунигаа дааж ядан орлоо. Өглөө нь харин сэрэхэд сэтгэл нэг л тайван... Тэр шөнө юуны тухай бодож хоносноо би энэ хорвоо дээр нэг ч амьд хүнд ярихгүй.
- “Иринэ, юу болоо вэ?” гэж Гэнри өглөө нүд рүү минь харангаа асуув.
- “Юу ч болоогүй ээ” гэж би хариуллаа.
- “Онцгүй зүүд зүүдлээд... гэхдээ одоо дуусчихсан учраас санаа зоволтгүй” гэж би
хэллээ. Миний тэр үед бодож чадах ганцхан зүйл гэвэл би Гэнрид өөрийгөө худал хуурмаг гэдгийг үзүүлэх ямар нэг боломж эрж олох тухай л байв. Түүнийг ямар ч эргэлзээгүй болгох хэрэгтэй... Тэр боломж яг л тэр өдөр хүрч ирсэн юм... Гадуур явж байгаад гэртээ буцаж ирэхдээ, Гэнригийн ажлын өрөөнөөс Клэйрийн дууг сонсов. Би гайхсангүй, хаалганд дөхөж очин түлхүүрний нүхээр тэднийг харж юу ярихыг нь тайвнаар сонсов. Сайхан шаргал хослол дээр тод ногоон алчуур тавьсан Клэйрийг би харсаан. Тэр үнэхээр дэндүү үзэсгэлэнтэй харагдаж байлаа. Гэнри:
- “Дахиад нэг удаа хэлье. Хатагтай Клэйр та манай гэрээс гарна уу! Би таныг харах ямар ч хүсэл алга. Та ойлгохгүй байна гэж үү?” гэх нь дуулдана.
- “Үгүй би ойлгохгүй байна” гэж Клэйр чангаар хэлэв. Тэгснээ Гэнри рүү хөөрхөн
нүдээ жижигхэн болгон хараад:
- “Чи муу хулчгар новш” гэж удаахнаар хэллээ.
Гэнри Клэйрийг ширтэн хэсэг зогссоноо түүн рүү нэг алхам ойртов. Түүний цайж цонхийсон нүүрнээс нь ялгаран харагдах уруул нь хаалганы нүхээр харж буй надад хүртэл харагдахаар чичирч байлаа.
- “Яв даа!” гэж тэр хачин хахирган дуугаар шивнэв. Тэгэхэд нь Клэйр нүдээ том
болгон бүрэн нээхэд, түүний өөрөөсөө хүртэл нуух гэж ядсан хүслэн, омог бас асар эмзэг сэтгэл нь харагдаж байлаа.
- “Гэнри...” гэж хэлэхэд түүний хоолой яагаад ч юм бие шигээ үзэсгэлэнтэй
сонсогдоно.
- “Хатагтай Клэйр...” гэж Гэнри арай ядан хэлээд хойш ухрав. Клэйр түүн рүү
дөхөнгөө:
- “Гэнри... Чи ингэж хоёр биенээ зовоох ямар хэрэг байгаа юм бэ?... Би чамд хайртай... Чамтай л байхыг хүсч байна” гэж хэлж байна. Гэнри үг ч дуугарах
сөхөөгүй байхыг харсан Клэйр дуугаа өндөрсгөн муухан инээмсэглэж
- “Чи надад хайртай гэдгийг бид хоёр хоёулаа мэдэж байгаа шдээ. Чи арай үгүй гэхгүй биз дээ?” гэж хэлэв.
Гэнригийн нүдэнд зовлон тарчлал илээс ил харагдаж байхыг нь би удаан харж тэсэмгүй байлаа. Тэр ч үүнийгээ мэдээд нүдээ гараараа таглав.
- “Чи энд яах гэж ирсэн юм бэ???”...
- “Яагаад гэвэл би чамд хайртай... чамтай хамт байхыг юунаас ч илүү хүсч байна”
гэж Клэйр хэлээд Гэнригийн мөрөн дээр нь гараа тавьж
- “Надад чи хайртай биз дээ” гэж шивнэн асуув.
- “Тиймээ... тийм... тиймээ!” гэж Гэнри чангаар хэлээд Клэйрийг галзуурсан мэт
татан ойртуулж уруул дээр нь озон озон үнслээ. Би гайхсангүй. Надад бүх юм урьд нь болж байсан юм шиг л санагдав. Харин Гэнрийг өөр бүсгүй үнсэхийг харах... хэцүү байсан учраас би нүдээ аньсан... Тэгээд л болоо...
- “Ингэж хэлэхийг чинь ямар их хүлээв ээ, би!” гэж Клэйр эцэст нь хэлээд Гэнрийг
чангаар тэврэв. Магадгүй хүсч байснаасаа ч чангаар тэвэрсэн байх. Гэтэл Гэнри гэнэт Клэйрийг шийдэмгийгээр түлхээд...
- “Чи бид хоёр дахиж уулзаж болохгүй...” гэж хатуухан өнгөөр хэлэв.
- “Үгүй дээ... хонгор минь чи бид хоёр өнөө орой уулзана... Орой 9 цагт би чамайг Холтост хүлээж байя”.
- “-Би очихгүй ээ!”.
- “Чи мэдээж ирнэ”.
- “Яасан ч үгүй... хэзээ ч...”
- “Чамаас гуйж байна шдээ Гэнри... 9 цагт!” гэж хэлээд Клэйр өрөөнөөс гарч явлаа.
Би дөнгөж л хөшигний араар орж амжив. Клэйрийг явсны дараа би Гэнригийн өрөө рүү шагайвал Гэнри сандал дээрээ толгойгоо базлан сул ойчсон байдалтай харагдана. Үсээ зогсоо зайгүй зулгаан байгаа хуруунуудаас нь би Гэнриг хичнээн их зовж байгааг харж байлаа... Ингээд надад боломж гарч ирлээ... Одоо л хөдлөх хэрэгтэй...
Би өрөөндөө очиж малгай, цуваа тайвнаар тайлав. Би өрөөнөөсөө гарч шатаар уруудан Гэнри рүү явах гэж байснаа гэнэт зогтусав. “Чи мэдэж байна уу? Хэнийг алдах гэж байгаагаа мэдэж байна уу, Иринэ?” гэж би өөртөө хэлээд гүн амьсгаа авлаа...
Ширээн дээр минь Гэнригийн нэг зураг байдаг байсан юм... Түүний хамгийн сайхан гарсан зураг... Харин ард талд нь “Хайрт Иринэ-дээ. Гэнри. Үүрд мөнх” гэж бичсэн байдаг байлаа. Би зурганд хүрч очоод, газар өвдөглөн сууж түүнийхээ зургийг удаан гэгч нь ширтэж залбирсан. Түүндээ мөргөсөн... “Гэнри... Гэнри...” гэж би шивнэхээс өөрийг хэлэх чадал надад үнэндээ байсангүй. Надад төлөвлөсөн бүхнийг хийх хүч чадал хайрлаач гэж би түүнээсээ гуйж билээ.
Хэсэг хугацааны дараа би босч доод давхар руу явав.
- “Гэнри, надад хатагтай Кован захиа хүргүүлсэн байна. Өвдсөн гэнээ. Би оччихоод ирье” гэж түүний өрөөнд орж хэлчихээд гарлаа. Хатагтай Кован гэдэг нь миний
бүүр дээр үеийн нэг танил, манай хотоос 4 цагийн зайд амьдардаг бүсгүй. Би хааяахан очиж хуучилдаг байсан юм.
- “Би чамайг явуулмааргүй байна. Чи бүүр цонхийгоод ядарчихаж... амрах хэрэгтэй” гэж Гэнри ер юу ч болоогүй юм шиг духан дээр минь гараа зөөлхөн
тавьж хэлэв.
- “Миний бие маш сайн байна. Би явчихаад маргааш өглөө хүрээд ирнээ”...
Би өрөөндөө утастай байсан учраас Гэнри миний ярихыг сонсож чадахгүй байх байв. 7 цагийн үед би Гералд Грей руу залгаж товч бөгөөд тодорхойгоор:
- “Та 8:30-д Холтост хүрээд ирэхгүй юу?” гэж хэлэхэд:
- “Ю... Юу гэнээ? Ох, Хатагтай Стаффорд!” гэж гэнэтийн бэлэгт баярласан тэрээр
барьц алдан сандран хэлж байна. Би ч олон долоон юм ярьсангүй утсаа тавьлаа... Миний төлөвлөгөө маш хялбар. Гэнри 9 цагт Холтост Клэйртэй уулзахаар ирнэ. Тэгээд Грей бид хоёрыг харна. Би шөнөжингөө байхгүй байна гэж хэлсэн болохоор тэр хараад уурлана. Тэгээд л тэр...
Би тайвнаар хувцаслаж эхлэв. Би маш нямбай сайхан хувцаслахыг бодож хамаг тавгүй бодлоо гээхийг хүсч байлаа. Гялалзсан жижигхэн хиймэл чулуунуудтай, мөнгөлөг өнгөтэй даавуун даашинзаа өмсөж, нүүрээ будав. Би хөөрхөн харагдахыг хүсч байлаа. Гэхдээ тэгэхийн тулд маш их будаг шунх хэрэглэх хэрэг гарч билээ. Ингээд сууж байтал гэнэт толгойд минь “Хэрвээ Гэнри Холтост ирэхгүй бол яах вэ? Тэр яасан ч үгүй гэж их л шийдэмгий хэлсэн шүү дээ, тэр Клэйрийг эсэргүүцэж дөнгөх тийм их сэтгэлийн тэнхээтэй байвад яахав...” гэсэн бодол зурсхийн орж ирэв.
Энэхүү гэгээн бодолд цочирдсондоо би гартаа барьж байсан энгэсэгний шаазан хайрцгаа газар алдаад хагалчихав. “Хэрвээ... хэрвээ тэр ирэхгүй бол, тэр Клэйрт тийм ч их хайртай биш гэсэн үг. Тэгвэл би гэр рүүгээ хамаг эрчээрээ гүйж ирээд түүнийгээ тэврэн хамаг үнэнээ уйлан байж хэлнэ дээ”... Ингэж бодоход өчигдрөөс хойш хуурай байсан нүд маань том том дуслуудаар дүүрч зарим нь хацар даган урсав. Гайхалтай хэрэг шүү... Хүн итгэлээ алдаж, цөхрөнгөө барсан үед итгэл найдвар өчүүхэн төдий сүүмэлзэхэд сэтгэл хамгийн хэцүүгээр зовдог юм билээ.
Би тайван байхыг хичээж хувцсаа өмсөж эхлэв. Гар минь учиргүй чичирч байсан учраас хувцсаа өмсөх гэдэг амаргүй даваа байлаа. Хувцаслаж дуусчихаад аялалын том цуваа нөмөрч үдшийнхээ даашинзыг нуув. Гарч явахад минь Гэнри өрөөнөөсөө гарч ирэн цувны маань захыг чанга гэгч нь товчилж өгөөд:
- “Анхааралтай яваарай! Битгий хамаагүй ядарчихаарай, Иринэ минь” гэхэд:
- “Санаа зоволтгүй Гэнри. Би зүгээр...” гээд би түүнийгээ үнссэн. Хамгийн сүүлчийн
удаа... Ингээд л би гарч явсан... Харанхуй гудамжаар ганцаараа алхаж явахад хүйтэн салхи цувны минь доогуур гулгаж нүцгэн мөрөнд минь хүрч байсаан... Зөөлхөн даавуу хөлийг маань илбэхэд би толгой дээгүүр, эгц алхах гэж байдгаараа л хичээж байсан.
Холтос гэдэг нь манай хотын хамгийн том шөнийн клуб байлаа. Нэг их муу нэртэй газар биш байсан хэдий ч яагаад ч юм хүүхнүүд нэг бол нөхөртэйгөө ирдэг эсвэл бүүр ирдэггүй байсан юм...
Би Холтос хэмээх нэрийг бүтээсэн том том гэрэлт үсэгнүүдийг харав. Хэтэрхий их гэрэл нь бараг л нүд өвтгөмөөр санагдаж байж билээ. Үүдээр нь орж дээд давхарт гарав. Зөөлөн хивсэнцэр дээр нь хүн өөрөө өөрийнхөө хөлийн чимээг сонсох ч янзгүй. Хэтэрхий гял цал болсон үйлчлэгчдийнх нь гялгар хувцаснууд алмаз эрдэнэ шиг хуурамчаар гялалзана. Төв танхимд нь орж ирэв үү, үгүй юу жааз хөгжмийн хурц аялгуу толгой дотор минь шургаад орчих шиг л болов. Том том гэрэл үүсгүүрүүд... цагаан ширээнүүд... хар костьюм... нүцгэн мөр... гялалзсан шил... торгон хэрэглэл... алмаз чулуу...
Ноён Грей намайг хүлээж байлаа. Тэр яг л дээд зэрэглэлийн эрэгтэйчүүдийн сэтгүүл дээр гардаг гял цал зураг шиг өнгөлөг харагдаж байв. Мэдээж хүнтэй харьцаж сурсан эр гэсэндээ сэтгэл хөдлөм юм уу гайхсан ямар ч шинж тэмдэг үзүүлсэнгүй, эелдэг бөгөөд хүндэтгэлтэйгээр инээмсэглэсээр. Би ширээ сонгохдоо үүдээр орж гарч байгаа хүмүүсийг харж болох газрыг бодолцож сонгов. Ширээн дээр очоод үүд ширтэж суухад бүх юмсыг бүдэгхэн үүлэн хөшиг бүрхсэн мэт санагдаж билээ. Бүх юмс манаран тунарч байхад ганцхан цэнгээний газрын хаалга л томруулдаг шилээр харж байгаа мэт тодоос тод харагдана. Одоо хүртэл...
Миний санаж байгаагаар ноён Грей нэг юмны тухай л яриад байсан. Би бас ярьсан. Тэр инээмсэглээд л... Би бас инээмсэглэсэн байх. Хаалганы яг дээд талд нь том цаг байсан юм. Намайг Холтост хүрч ирэхэд цаг 8:30 болж байсан. Би тэр цагийг ширтэж цаг аажуухнаар явсаар байсан. Хэрвээ яг тэр үед хэн нэг нь миний сэтгэл рүү өнгийсөн бол том цагаан дугариг хоёр зүүнээс өөр юуг ч олж харахгүй байсан байх даа.
Яг 9 цагт, хормыг заагч зүү 12 тоог шүргэв үү, үгүй юу том шилэн хаалга онгойв. Яг л миний хүлээж байснаар. Гэхдээ орж ирсэн хүн нь Гэнри биш Клэйр байлаа. Тэр ганцаараа орж ирэв. Цул хар өнгөтэй сатин даашинз нь түүний биеийг зөөлнөөр ороожээ... Толгой дээрээ тавьсан гоёмсог алмазан зүүлт нь гялалзаж, сайхан мөрөн дээгүүр нь гялалзсан чулуунууд гүйх нь дуу алдмаар үзэсгэлэнтэй... Клэйр орж ирмэгцээ тээнэгэлзэж танхимыг тэр чигт нь гүйлгэн харав. Гэнриг ирээгүйг мэдмэгцээ уруул нь уураа дааж ядсан бололтой чичирч байна. Гэвч яая гэхэв тэр танхимыг туулаад нэг ширээнд очиж суув. Түүний суусан ширээ нь миний байрлалаас сайн харагдаж байлаа.
9:15... Том шилэн хаалга онгойх нь улам л олширч костьюмтай залуус эрчүүд, үслэг эдлэл даашинз болсон хүүхнүүд чимээгүйхэн орж ирж шуугилдах олонтой нийлж байв. Би хаалганы өмнө дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр эцэсгүй мэт урсах ширэн гутал, мөнгөлөг шаахайнуудын урсгалыг ширтэн суулаа. Ядаж байхад ямар олон хүн орж гарсан гэж бодноо тэр хаалгаар. Хаалга нээгдэхийг сонсох бүрт хүйтэн айдас нуруу руу минь шурган өвдөг рүү урсаж байлаа. Гэвч би хаалга руу харалгүй нэг ч хором сууж чадаагүй юм. “Болгоомжтой, хатагтай Стаффорд” гэж Грейн хэлэх нь зүүд зэрэглээ шиг хол сонсогдов. Учир нь би барьж байсан усаа даашинз руугаа асгачихаж. Би гэхдээ тоосон ч үгүй аяган дахь мөснөөс нэгийн авч ам руугаа хийлээ. Грей над руу гайхал дуурсэн нүдээр харж байлаа.
9:25... Өвдөг маань гэм хийсэн хүнийх шиг чичирч байв. Хэтэрхий их чичирснээс болоод дахиж хэзээ ч алхаж чадахгүй болчихмоор санагдаж байж билээ... тэр үед. Би Клэйр руу нууцхан харав. Тэр бас л хүлээсээр байлаа. Түүний нүд нь бас л хаалган дээр хадаастай. Ширээн дээр байсан цэцгийн дэлбээг тасдан хаях нь түүнийг хичнээн их санаа зовж байгааг харуулж байлаа.
9:30... Би тэвдэж байсандаа ч тэр юм уу, эсвэл тэнд байсан жааз хөгжим тэгж их хүнд дуулдаж байсан уу толгой руу маань хүнд зүйлээр зогсоо зайгүй нүдэж байгаа юм шиг санагдаж байв. Бүгчимдэж, бачимдсан сэтгэл минь агаар муу танхимын аяыг даалгүй боочихмоор санагдаж би хүйтэн гараараа хоолойгоо барьж суулаа.
9:45-д тэр ирсэн юм. Хаалга нээгдэж, тэр орж ирэв. Яг л тэр хоромд Гэнри агаарт өлгөгдчихсөн юм шиг санагдаж байлаа. Эргэн тойронд юу ч байхгүй юм шиг... Би хаалгыг харж байсан боловч яг урд нь зогсож байгаа Гэнриг л харж чадахгүй байлаа. Тэр харанхуй нүх мэт надад харагдаж байв. Дараагийн хоромд нь би юуг ч сонсоогүй. Чих минь таг дүлий болсон мэт чив чимээгүй,... намайг нэг хором бүрхэв.
Энэ мөчид би арай гэж сэхээ аван Грейд:
- “Жаахан хөгжилдөе л дөө” гэж хэлэв. Би түүнийг хүзүүгээр нь тэвэрч, мөрөнд нь
нүүрээ наагаад костьюмных нь захыг чангаар хазав. Тэр үед би ганц л юм өөртөө хэлж байсан нь “Иринэ, хэтэрхий чанга хашгирч болохгүй”...
Грей хаалга руу биш над руу харан сууж байсан болохоор Гэнриг орж ирэхийг харсангүй, учрыг ч ойлгосонгүй гайхаж дууссан нүдээр над руу харж суув. Гэхдээ жинхэнэ эр хүний зангаар тэр өөртөө итгэлтэй загнаж үсэнд маань гараа хүргэхийг хүртэл оролдож байлаа.
Би толгойгоороо түүн рүү эгцэлж харж байсан ч нүүрэндээ ямар ч хувирал гаргахгүйг хичээж байсан юм. Гэхдээ нүд маань бүхнээ нууж дөнгөсөнгүй бололтой... Грей миний нүд рүү хараад бараг л дуу алдах дөхөж байгаа нь илт. Би салга хүн шиг гартаа барьсан жүнзээ чичрүүлэн байж:
- “Грей, дарс хаана байнаа. Би дарс уумаар байна. Яагаад энд дарс байхгүй байгаа юм” гэж хашгичив. Намайг уурлуулаад дэмийг ойлгосон Грей үйлчлэгчийг
дуудаж чихэнд нь нэг зүйл шивнэхэд үйлчлэгч инээмсэглэчихээд яваад өглөө.
Би энэ бүхний хажуугаар Гэнриг ажигласаар байлаа. Тэр Клэйр дээр хүрч очив. Клэйр хэтэрхий их баяраар дүүрч байгаа бололтой сандал дээрээсээ үсрэн бууж жаргалтайгаар инээмсэглэсэн. Тэр Гэнриг ирэхгүй нь гэж сандарч байсан бололтой түүнийг хоцорсон тухай нэг ч үг хэлсэнгүй. Харин Гэнри цонхийж цайсан ноцтой царайгаа нууж чадалгүй зогсоно. Тэр хоцорсон нь надад бүгдийг урьдынхаас ч тодоор хэлж өгч байлаа. Гэнри ирэхгүй гэж их тэмцжээ... Үнэрээх их... Гэвч тэр тэссэнгүй юм байж... Гэнри Клэйрийн ширээнд очиж суув. Түүний нүдэнд унтрашгүй их баярын оч гялалзаж, инээмсэглэнэ... Ямар үзэсгэлэнтэй сайхан харагдаж байснаа тэр хэзээ ч мэдэхгүй ээ... Зөөгч надад дарс авчирч өгөв. Бүүр хоёр шилийг. Грей нэг шилийг нь авч шилэн аяганд цутгах гэсэн боловч би Грейн гараас дарсыг нь булаан авч өмнөө байсан шилэн аяганд хийхдээ цул пал хийлгэн асгаж даашинзан дээрээ хүртэл цутгачихав. Тэгээд нөгөө дүүрэн аягаа авч газар унагалаа. Шил хагарах чанга дуутай нийлүүлэн би чангаар инээж эхэллээ. Грей бүр амаа ангайчихсан зогсож харагдана.
- “Инээ. Чангаар хөхрөн инээ” гэж би Грейд тулган хэлэв. Бидний ойр сууж байсан
хүмүүс хэн тэр бүдүүлэг дуу гаргаад байгааг сонирхон эргэн эргэн харсаар байлаа. Яг л миний хүссэнээр. Би үсээ задлан сэгсийлгэж, бүүр сүүлдээ шилтэй дарсыг газар чулуудлаа. Хамаг чангаараа инээж:
- “Ох Грей минь” гэснээ энэ маань хангалттай санагдсангүй сандлаасаа босч Грейн
өвөр дээр сууж тэврэн үнсэж буй мэтээр нүүрээ нүүрэнд нь наалаа. Ингэхдээ хажуудаа байсан хиймэл ханыг нь түлхэн унагав. Бүхэл танхим тэр чигээрээ эргэн харахад би ичиж буй царай гарган босох тэр агшинд Гэнритэй нүүр туллаа. Би над руу харж байсан түүний нүдийг хэзээ ч мартахгүй... Бид хоёр чимээгүй байлаа.
- “Иринэ... Иринэ...” гэж тэр итгэж ядан шивнэж байв.
Би айж ичиж байгаа хүний дүрийг гаргах гэж хичээж байснаа толгойгоо өргөн огт тоогоогүй царай гаргаж
- “Тэгээд?” гэж хэллээ. Гэнри хойшоо ухрав. Тэгээд чичирсэн. Тэр нүдэндээ итгэхгүй
байгаа бололтой хэсэг харж байснаа:
- “Би чамд саад болохгүй ээ!” гэж хэлээд Клэйр рүү яваад өгөв.
- “Өөр газар руу явъя” гэж тэр Клэйрт хэлж байна. Клэйр ч босч тэр хоёр гараад
явчихав. Би тэр хоёрыг шилэн хаалгаар харагдахгүй болтол нь дагуулан харж билээ... Тэгээд л бүх юм дууссан...
Би тэднийг явсны дараа асар тайван болж билээ. Би Грей рүү эргэхэд тэр миний унагасан хиймэл ханыг босгон тавьж байлаа. Тэгээд:
- “Хатагтай Стаффорд, битгий өөрийгөө зэмлэ дээ. Энэ нь ч дээр байсан биз” гэхэд:
- “Тийм ээ Грей, ингэсэн нь ч дээр байсан биз” гэж би чимээгүйхэн хэлсэн. Бид хоёр
буцаад ширээндээ суун, чимээгүйхнээр хоолоо идэж дуусгалаа. Миний бүх ухаан санаа тогтуун тайван байлаа. Би инээмсэглэн ярьж хажуугаар нь зөөлхөн сээтгэнэж байсан тул Грей нөгөө ичгэвтэр явдлын тухай нэг их санаа зовж байгаа янзгүй сууна.
10:30-ын үед би түүнийг гэрт маань хүргэж өгөхийг хүслээ. Тэр ингэж түргэн салах болсондоо сэтгэл дундуур байгаа нь илт боловч юм хэлсэнгүй эелдгээр машиндаа суулган намайг гэрт маань хүргэж ирлээ.
- “Хоёулаа удахгүй дахиж уулзана биз дээ?” гэж гэрийн үүдэнд ирчихээд гарыг
маань атган байж асуув.
- “Тэгэлгүй яахав. Тун удахгүй... ойр ойрхон уулзах болно” гэж намайг хариулахад
Грей баяр хөөрөөр дүүрэн яваад өгөв.
...Би гэртээ орж ирлээ. Хичнээн ч удсан юм бүү мэд ямар ч гэсэн би хөдлөлгүй удаан зогсов... Бүх юм нэгэнт ард хоцорчээ. Би Гэнригийн ажлын өрөөнд орлоо. Газар хэвтэх хэдэн цаасыг авч ширээн дээр, өрөөний голд тавьсан сандлыг байранд нь тавив. Буйдан дээрх дэрнүүдийг засч дараа нь Гэнригийн ширээн дээрх зураг төсөл гэх мэт зүйлсийг янзлав. Түүний шугам, гортиг, бусад хэрэглэл нь газраар нэг тарж. Би тэр бүгдийг нь ширээн дээр нь тавиад зууханд гал асаалаа. Ингэж хамгийн сүүлчийн удаа гэртээ эхнэр шиг байлаа би...
Бүх юмыг янзалж дуусаад би галын дэргэд очиж газар суув. Зуухны хажууд байдаг Гэнригийн түшлэгтэй сандал, хөлөө тавьдаг дэрийг нь баахан харж суув. Сандал дээр нь сууж зүрхлээгүй учраас, хөлийнх нь дэрэн дээр толгойгоо тавьж харанхуйг будэг улаан гэрлээрээ, чимээгүйг дуугаараа үргээх галыг ширтэн хэвтэв. Байн байн тэр дэрийг үнсэж байснаа би санаж байна...
Үүдний өрөөнд түлхүүр шажигнах дуу гарахад би хурдхан босч, үүдний өрөө рүү очив. Гэнри цонхийчихоод зогсож байна. Над руу харсан ч үгүй, хувцсаа тайлж өлгүүрт өлгөөд хажуугаар минь зөрөн ажлынхаа өрөө рүү явлаа. Би ч дагалаа. Бид өрөөнд орсны дараагаар чимээгүйхэн удаан зогссоны эцэст тэр хүйтэн хөшүүнээр:
- “Чи надад ямар нэг юм тайлбарлах уу?”
- “Надад тайлбарлаад байх юм байхгүй ээ! Чи бүгдийг нь харсан”
- “Тиймээ би харсан...”
Тэр өрөөг өгсөж уруудаж хэсэг байснаа над руу үзэн ядалт, гутамшиг дүүрэн инээмсэглэлээр инээмсэглээд:
- “Гэхдээ энэ чинь сайн хэрэг!” гэж хэлэв. Намайг юу ч хэлэхгүй байгаад тэр улам
улангасч:
- “Чи... чи яаж ингэж чадваа” гэж хамаг чангаараа хашгирав. Би чимээгүй л байв.
- “Чам шиг эмийг би дөрвөн жилийн турш эхнэрээ гэж дууджээ. Чи намайг бүр галзууруулах нь. Ийм юм байж хэрхэвч болохгүй. Энэ бол чи биш. Чи ийм байгаагүй шүү дээ. Чи ийм юм хийж чадахгүй”...
Би юу ч хэлсэнгүй. Тэр гараас минь зууран авч намайг газар руу түлхээд
- “Чи новш минь. Яриач. Хэлээч! Хариулаадах надад. Яагаад чи ингэж байгаа юм бэ?” Би түүний нүд рүү нь харж байгаад хамгийн гашуун худлыг түүндээ хэллээ.
- “Би чамайг гомдоохыг үнэхээр хүсээгүй учраас энэ хайраа удаан нууж явсан. Би удаан хичээсэн боловч үнэхээр тэсч чадаагүй” гэж би хэлсэн. Тэр намайг юуны
тухай ярьж байгааг сайнаас сайн ойлгосон. Тэр гарыг маань тавьж хойшоогоо ухрав. Тэгснээ инээв...
- “Тэгвэл би чамайг баярлуулах уу, Иринэ? Би чамд огтоос хайргүй шдээ. Чамайг ийм юм хийсэнд гомдох ч үгүй байна. Би өөр эмэгтэйд хайртай. Би үнэндээ баярлаж байна” гэж тэр хэллээ.
- “Чи баярлаж байна уу, Гэнри?”
- “Үнэхээр ихээр баярлаж байна. Гэхдээ чамайг нэг их баяртай биш байгааг чинь би харж байна даа”
- “Үгүй дээ Гэнри, Би сэтгэл дундуур биш байна. Бүх юм зүгээр”
- “Нээрэн үү? За за газар хэвтээд байлгүй босч үз дээ” гэж тэр хэлээд дахиад өрөөг
тойрон холхиж эхэлснээ:
- “Над руу битгий хар! Чи над руу харах ч эрх байхгүй шүү!Би хориглож байна” гэж
хашгирав. Би толгой унжуулан:
- “Би харахгүй ээ, Гэнри” гэж хэлэв.
- “Үгүй чи харах болно. Чи өөрийгөө харах болно” гэж Гэнри хамаг чангаараа
хашгираад гараас минь татан намайг том шилэн хаалгатай тавиурын өмнө аваачив.
- “Даашинзаа хар даа чи!”
Хар улаан өнгөтэй дарс мөнгөлөг даашинзыг минь бүрхэн урсчээ.
- “Чи тэрэнд хайртай болсон, чи түүнтэй явсан, одоо яая гэхэв. Гэтэл энэ дарс, энэ үнсэлтүүд, тэр олон нийтийн газар биеэ авч явж байгаа байдал...”
Би юу ч хэлсэнгүй. Миний төлөвлөгөө бүтэмжтэй болжээ. Гэнри ч хэсэг дуугүй суусны эцэст тайван боловч хүйтэн өнгөөр
- “Чи бид хоёрын хооронд одоо юу ч байхгүй гэдгийг ойлгож ав! Угаасаа тийм юм хэзээ ч болоогүй байсан нь дээр байсан юм. Чи ч, би ч чиний нөхөр байсныг мартах хэрэгтэй. Тийм учраас надаас чамд хадгалагддаг юм бүхнийг чи надад буцааж өг! Мэд ээ!” гэж хэлэв.
- “-Би одоо өгнө өө Гэнри”
Би дээшээ өрөө рүүгээ явж бүх зүйлсийг авчрав, түүний зурагнууд, түүний бэлэгнүүд, хэдэн захиа гээд л миний түүнээс авсан бүх юмс. Тэр миний авчирч өгсөн бүх юмсыг аваад гал руу шидчихэв.
- “Би энийг авч үлдэж болох уу?” гэж би түүний хамгийн сайхан нэгэн зургийг нь
гартаа барин асуулаа. Гар маань чичирч байв. Тэр нөгөө зургийг хараад, авч газар чулуудав. Би түүнийг нь газраас авч элгэндээ тэврэв.
- “Тэгээд хоёулаа аль болох хурдан гэр бүлээ цуцлуулах хэрэгтэй” гэж Гэнри хэлээд
галын хажуу дахь сандал дээрээ суунгаа:
- “Намайг ганцааранг минь орхиотох” гэв. Би буцаж хаалга руу явж байгаад гэнэт
зогссон. Түүн рүүгээ харсан. Тэгээд түүндээ бодож явснаа хэлсэн. Тайвнаар...
- “Намайг уучлаарай Гэнри... хэрвээ чи чадвал... тэгээд намайг мартаарай... Муухай бодлоор сэтгэлээ зовоож байхын хэрэггүй, Клэйрийн тухай бодож баяртай байгаарай! Миний тухай биш түүний тухай бодоорой. Тэгсэн нь дээр”
Тэр над руу эргэн харж:
- “Чи уг нь ийм л байсан шүү дээ өмнө нь” гэхэд нь:
- “Би тийм байсаан. Одоо гэхдээ би тийм биш. Бүх юмс өөрчлөгддөг шүү дээ. Гэнри... Бүх юманд төгсгөл гэж байдаг. Гэхдээ амьдрах сайхаан... Амьдрах агуу юм. Чи минь харин жаргалтай байх ёстой шүү Гэнри”
- “Иринэ ээ! Надад яагаад өөрчлөгдсөнөө хэлээч!” гэж намуухан хэлэхийг нь
сонсох надад амар байгаагүй. Миний нэр, бас энэ ганц өгүүлбэр намайг гацааж орхив. Гэхдээ зөвхөн нэг л хором...
- “Би чадаагүй юм аа. Тэсч чадаагүй юм, Гэнри” гэж би намуухнаар хэлээд дээшээ
өрөө рүүгээ гарлаа.
Өрөөндөө орохдоо би уруулаа хэтэрхий чанга хазсанаас болж аманд минь цус амтагдаж байлаа. “Энэ чинь юу ч биш... энэ чинь юу ч биш, Иринэ” гэж би өөртөө ахин дахин хэлж байлаа. Яагаад ч юм ямар нэг юм ярих л хэрэгтэй байлаа. Сэтгэл дотор бөглөрөөд байгаар тэр юмыг зүгээр л живүүлж чадах юм шиг санагдаж байв.
- “Иринэ... энэ чинь юу ч биш... дахиад ганц хором л тэсчих... тэгээд л энэ бүгд дуусна... энэ чинь юу ч биш...” гэж би өөртөө давтан давтан хэлсээр байлаа.
Би өөрийгөө сохорчихоогүй гэж мэдэж байсан ч нүд маань юу ч харахгүй байв. Чих маань ч юу ч сонсоогүй. Хэсэг хугацааны дараа арай гэж ухаан орон юм сонсож эхлэнгүүтээ би өөрийгөө:
- “Дахиад нэг хором... дахиад нэг хором...” гэж дахин дахин давтаж байгааг
сонссон. Гарт байсан Гэнригийн зураг газар унав. Би түүнийг харлаа... Тэгэхэд л би чухам яг юу болсон, юу болоод байгаа, юу болох гэж байгааг тод томруунаар харсан юм. Энэ бүхэн нэг хормоос ч хурдан агшинд болж өнгөрсөн... Яг л цахилгаан цахиад өнгөрөх шиг... Хоолойд минь халуун төмөр тээглэсэн мэт болчихоод болсонгүй би хамаг чангаараа хашгирав... Одоо бодохнээ би тэгэхэд зүгээр ч нэг хашгираагүй юм. Надаас гарсан тэр дуу хүний дуу биш шархадсан амьтны амьдрал гуйсан хоосон архираа байсан юм шиг...
Яг энэ мөчид Гэнри дээшээ хамаг хурдаараа гүйж ирэн хаалга тогшиж:
- “Яасан, юу болов?” гэж хамаг байдгаараа хашгирав.
- “Зүгээрээ! Би хулгана хараад” гэж аль болох тайван дуугаар хэллээ.
Би хөдлөхийг оролдсон ч газар хөлийн минь доор эргэлдээд болсонгүй. Доошоогоо л унаад байсан. Өрөөг маань хурднаар эргэлдэх хар утаа бүрхсэн мэт... Би уналаа... Хичнээн ч хугацаа өнгөрсөн юм бүү мэд, нүдээ нээхэд би газар хэвтэж байлаа. Өрөө хав харанхуй, бас нилээд жихүүн байх аж. Цонх онгорхой, хөшиг нь салхинд зөөлөн тийрүүлж хөдөлнө. “Би чинь ухаан алдчихсан байжээ...” гэж би өөртөө хэлээд хөл дээрээ босохыг оролдов. Өвдөг маань хугарчихсан юм шиг өвдөж би өөрийн эрхгүй дахин газар уналаа. Тэгээд би газар хэвтэж байгаа түүний зургийг харлаа... Цахилгаан биеэр минь гүйгээд өнгөрсөн.
Би зүргийг авч түшлэгтэй сандал дээр тавиад өөртэйгээ ярьж эхлэв. Одоо харин дуу маань хүний дуу шиг намуухан, сул дорой ч гэмээр болжээ.
- “Гэнри... Гэнри... Миний Гэнри... Энэ чинь юу ч биш шүү дээ. Энэ бүгд худлаа тийм ээ, Гэнри? Энэ магадгүй зүгээр л зүүд байх... Бид хоёр удахгүй хамтдаа сэрнэ тийм ээ? Тэгээд л би уйлахаа больчихно. Нүд рүү минь битгий хараарай Гэнри. Би уйлж байгаа юм биш... Одоо нэгхэн хормын дараа энэ бүгд дуусна... Хэдий энэ зүүд ч гэсэн надад хэцүү байна шүү дээ... Гэхдээ энэ бол юу ч биш... Чи надтай хамтдаа биз дээ... Гэнри... Чи бүгдийг мэдэж байгаа даа... Чи мэднэ шүү дээ... Би ер нь шал тэнэг байгаа биз? Тийм гэж хэл л дээ, Гэнри... Инээмсэглээч дээ... Намайг шоолж бүүр инээ... Юу ч болоогүй байхад ингэж өөрийгөө зовоож байгаа надаар даажигнан хөхрөөч! Юу ч болоогүй байхад... Юу ч болоогүй шүү дээ... Би инээмсэглэж байгаа биз дээ... Хар даа... Гэхдээ би одоо амарлаа... Тэгээд энэ бүгд дуусна... Үгүй би уйлаагүй байна. Би ганцхан чамд л хайртай, Гэнри...”
Том, хүнд, чимээгүй нулимс хацрыг минь даган урсаж байлаа. Би уйлаагүй, гэхдээ... Би ямар ч цурхирах дуу гаргаагүй. Би юм ярьж, инээмсэглэж байлаа. Нулимс л эцэс төгсгөлгүй урсаж байсан юм даа.
Түүний дараагийн сард яг юу болсныг би сайн санадаггүй юм. Гэнри бид хоёр гэр бүлээ цуцлуулсан. Эхнэрийн үнэнч бус байдлаас болж гэж тэр цаасан дээр бичнэ лээ. Гэр бүл цуцлалтын шийдвэр гартал би Гэнригийнд амьдарсан ч бид хоёр нэг их тааралдаад байдаггүй байлаа. Хааяа нэг тааралдахаараа зүгээр мэндлээд л өнгөрдөг байв.
Би яаж ийгээд амьдарч дөнгөсөн л юм. Маш олон ном уншсанаа санаж байна. Маш олон ном... Гэхдээ одоо би тэр номнуудаас нэг ч үг санаанд ордоггүй. Ямар нэртэй ямар ном байсан... ёстой бүү мэд... Би гадуур их явдаг байлаа. Хамгийн ядуучууд амьдардаг, намайг хэн ч олж харахааргүй захын гудамжуудаар яваад л байдаг байсан. Гэхдээ би тэр үед жаахан ч гэсэн тайвширдаг байсан юм. Тэр үеийн юмнууд ч гэсэн бүдэг бадаг л толгойд байдаг. Нэг удаа намайг нэг хүүхэд заагаад:
- “Энд нэг эргүү явж байна” гэж хэлснийг би санадаг юм...
Би Гералд Грейтэй ойр ойрхон уулздаг байсан... Уулзаад сээтэгнэлцэнэ... Аль болох ойрхон... Би тэгэх ёстой байсан тул өөрийгөө чадахаараа хүчилдэг байлаа. Гэхдээ би бас л нэг ч удаагийнхаа болзоог санахгүй байна. Би яав ч өөрийнхөө дүрийг сайн бүтээсэн байж таарна. Нэг удаа надад Грей:
- “Хатагтай Стаффорд, та энэ дэлхийн хамгийн өвөрмөц, хамгийн их увидастай эмэгтэй. Танай нөхөр ёстой тэнэг... Гэхдээ би түүнд нь ч баяртай байна л даа” гэж
хэлсэн юм даг. Би яг яаж энэ бүгдийг хийснээ мэдэхгүй, гэхдээ л ухаангүй байхдаа би болгосон л юм.
Тэр өдрүүдээс миний санаж байгаа цорын ганц зүйл бол Гэнри. Би түүнийг дандаа хардаг байсан. Тэр бүх цагаа Клэйртэй өнгөрөөж байлаа. Нүдэнд нь аз жаргалын туяа татаж, үргэлж инээмсэглэж явдаг болсон байв. Би түүний нүүрнийх нь хувирал бүрийг уншиж чаддаг болсныхоо хувьд Гэнрийг ямар их жаргалтай байгааг шууд л мэдэж байлаа. Тэр сүүлийн хэдэн сар түүнийг дагасан хамгийн хэцүү хар дарсан зүүднээс сэрээд дахиад амьдрал амсаж байгаа шиг л харагддагсан. Урьдын адил залуухан, хүчтэй, үзэсгэлэнтэй сайхан Гэнри... Дэндүү үзэсгэлэнтэй дээ, чи минь...
Би Клэйрийг ч бас ажигладаг байлаа. Тэр Гэнрид ямар ч гэсэн хайртай байсан. Энэ бүхэн зүгээр л нэг сээтэгнэл ч юм уу, түүний өөртөө итгэх итгэлийг нь тэжээх хоосон ялалт байгаагүй ээ, гүн гүнзгий сэтгэл байсан юм. Магадгүй түүний анхны хайр нь ч байсан байж мэднэ. Клэйр зүгээр нэг хоосон хүсэл тачаал биш, ухаалаг, дээд гарлын, дэгжин бүсгүй байлаа. Ухаан үзэсгэлэн хоёр нь яг л адил... Хэмжээлшгүй... Гэнри жаргана аа... Би нэг удаа тэднийг гудамжинд алхаж явахад нь харж билээ... Тэд хоорондоо ярилцаж инээмсэглэж байлаа. Клэйр гоёмсог цагаан хослол өмссөн байсан шиг санаж байна. Юутай ч тэр хоёр учиргүй жаргалтай харагдаж байж билээ.
Хотынхон маань гэр бүр салалтыг үзэж чаддаггүй байсан юм. Тэгэхээр мэдээж намайг юу гэж ярьж байсан нь ойлгомжтой. Ямар ч гэр бүл намайг гэртээ оруулахаас татгалзаж, төвөгшөөх болсон юм. Гудамжинд хүн амьтан мэндлэхээ ч больсон. Найз нөхөд гэгддэг байсан хүмүүсийн нүүрэнд гутамшиг жигшил дүүрсэн, хоосон инээд дүүрэн байдаг байлаа. Би нэг удаа хатагтай Брогантай тааралдтал тэр намайг шинжгүй харснаа:
- “Чи бохир амьтан! Чамайг Грейн мөнгөнд нь шунаж өөрийгөө худалдсаныг хэн ч мэдэхгүй гэж санаж байна уу? Гайгүй байлгүй” гэсэн. Мөн Пацы Тиллинс хэд
хоногийн дараа гудманд тааралдаад:
- “Хонгорхон минь чи ч буруу наймаа хийлээ дээ. Би аль ч ертөнцөд байсан Гэнри Стаффордыг юугаар ч солихгүй байсан юм” гэж билээ...
Ингээд гэр бүлээ цуцлуулах өдөр ирэв... Би дахиад л Иринэ Вилмэр боллоо. Нөхөртөө үнэнч байж чадаагүйгээс болж салсан Иринэ Вилмэр. Тэгээд л болоо! Салахдаа Гэнри надад өгөх мөнгөнийхөө тухай ярьж эхлэхэд би юу ч авахгүй гэдгээ тодорхой хэлээд:
- “Ноён Грей чамаас илүү мөнгөтэй” гэж билээ. Гералд Грей тэр өдрийн маргааш нь
Нью-Йорк явах байсан юм. Тэндээсээ Европ руу усан онгоцонд суун би хамт явах ёстой байлаа.
Тэр орой ноён Барнс намайг дуудлаа. Тэр сүүлчийн нэг сар хотоос гадуур байсан бөгөөд дөнгөж өнөөдөр л буцаж ирсэн байлаа. Тэгээд хамаг юмыг сонсчээ.
- “За Иринэ минь би маш олон юм сонссон. Чи надад тэр тухай ярих уу?” гэж тэр
хоолойгоо чичрүүлэн байж хэлж билээ.
- “Яасан гэж ноён Барнс? Ямар ч сонин хачин юм энд байхгүй гэж би бодож байна. Би саяхан Гэнригээс салсан” гэж би тайвнаар хариулахад:
- “Гэхдээ... ммм... Энэ бүгд нээрээ чиний буруугаас болж гэж үү? Чи үнэхээр буруутай юм уу?”
- “Хэрвээ та үүнийг гэм буруу гэж дуудмаар байвал тэг л дээ. Би Гералд Грейд хайртай. Тэгээд л тэр”
Ноён Барнсын царай нь эхлээд улаан, дараа нь хөх, дараа нь цав цагаан болов. Тэр удаан дуугүй зогссоны эцэст:
- “Чи нөхөртөө хайргүй юм уу?” гэж асуулаа.
- “Та Гэнри Стаффордыг хэлж байна уу? Тэр одоо миний нөхөр байхаа нэгэнт больсон. Тэгээд ч би түүнд хайргүй”
- “Иринэ...” гээд тэр цааш нь үргэлжлүүлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй байгаа
нь илт.
- “-Иринэ.... энэ бүгд үнэн байж яасан ч таарахгүй. Чамайг ийм юм хийгээгүй гэдгийг би хүн бүрт хэлнэ”
- “Би чинь бурхан биш шүү дээ...” гэж би хэнэггүйхэн хэлж билээ.
Тэр буцаж ухраад саарал толгойгоо харамсалтайгаар сэгсэрч
- “Иринэ, чи нөхөр шигээ хүнийг тэр тэнэг залуугаар солих ч хүн биш дээ” гэж
цөхөрсөн дуугаар аргадангуй хэлэхэд нь:
- -Би тэгсээн, сольсон”
- “Чи, Иринэ, чи. Би итгэж үнэхээр чадахгүй нь ээ!”
- “Битгий итгэ л дээ. Хэнд хамаатай юм” гэж намайг хэнэггүй хэлэхэд ноён Барнс
дахиж энэ бүгдийг тэсэхээ больсон болотой:
- “Тийм бол би юу хэлэх вэ? Иринэ. Баяртай” гэж тэр удаахан хэлэв.
- “Баяртай” гэж би үл тоосон янзаар хариу хэлэв...
Би цонхоор түүний цаашаа алхаж байгааг, урьд урьдынхаасаа нэг л хүнд ядарсан харагдах дүрийг нь харж:
- “Баяртай, ноён Барнс... Баяртай... Намайг уучлаарай...” гэж шивнэж байлаа.
Гэртээ хамгийн сүүлд хоносон тэр шөнө би маш орой унтсан. Байшин тэр чигтээ харанхуй болсон хойно би чимээгүйхэн доод давхар руугаа явлаа. “Маргааш аягүй бол Гэнрид баяртай гэж хэлж амжихгүй...” Гэхдээ би түүнтэй салах ёс гүйцэтгэмээр байв. Би чимээгүйхэн унтлагын өрөөний хаалгыг нээхэд Гэнри тайван унтаж байлаа. Би орлоо. Түүнийг харахын тулд цонхны хөшгийг жаахан нээж гэрэл оруулав. Тэгээд нэгэн цагт минийх байсан орны хажууд зогслоо. Нүүр нь тайван бөгөөд дөлгөөхөн, хав хар сормуус нь хөдөлгөөнгүй, сайхан уруул нь харанхуйд цайрах нүүрэн дээр нь сийлсэн юм шиг үзэсгэлэнтэй харагдаж байв. Би түүнд хүрч зүрхлээгүй учраас гараа болгоомжтойгоор дэрэн дээр толгойных нь хажууд тавин газар өвдөглөн сууж байлаа. Харин гарыг нь авч уруулдаа хүргээд:
- “Гэнри... Чи юу хийснийг минь хэзээ ч мэдэхгүй,... мэдэх ч ёсгүй... Аз жаргалтай амьдраарай! Харин би өөртэйгөө хамт нэг л зүйлийг авч явах болно. “Би Гэнрид хайртай байсан!” гэж хэлэх тэр эрхийг би өөртөө үлдээнэ ээ. Чамайг үхэн үхтлээ хайрлах тэр эрхийг би авч явна” гэж зөөлхөн шивнэсэн. Тэгээд л би босч, хөшгийг
нь хаагаад гарч явсан даа.
Маргааш нь жихүүн саарал өдөр байлаа. Хааяахан хүйтэн бороо асгаж, зөөлөн салхи хөгшин саарал үүлсийг тэнгэрт авчирсан тийм л өдөр байсан. Галт тэрэг орой 10:15-д явах байсан бөгөөд ноён Грей өглөө над руу залгаж намайг орой ирж авахыг хүссэн байсан юм. Тэр аз жаргалаар бялхаж байгаа нь хэнд ч ойлгомжтой байсан.
- “Би өөрөө очно оо, намайг харин буудал дээр хүлээж байгаарай!” гэж би хэлсэн.
Аль хэдийн харанхуй болсон ч би өрөөндөө ганцаараа суусаар л байлаа. Өөрөө ч гайхмаар тийм их цөхрөл намайг тойрно. Би Гэнриг хүлээж байсан юм. Тэр хараахан гэртээ ирээгүй л байв. Тэр Клэйрийнд очиж эрх чөлөөтэй анхныхаа өдрийг өнгөрөөхөөр явсан байсан байх. Уг нь салах ёс хийх нэг их шаардлагагүй байсан ч би үүрд явахынхаа өмнө түүнийг хармаар санагдаад болохгүй байлаа. Гэтэл Гэнри ирдэггүй... Би цонхны хажууд сууж хэдий хүйтэн байсан ч гэсэн онгойлгож гудамжийг харж суулаа. Бороо цутгаж байшингуудын дээвэр, явган хүний зам гялалзаж харагдана. Хааяахан өнгөрөх явган хүмүүс бүгд л нэг тийшээ учиргүй яарсан шигжтэй, цөхөрсөн ганцаардмал ч юм шиг харагдаж байсансан...
Аль хэдийн 9:30 болсон ч, Гэнри гэртээ ирсэнгүй. Би цонхоо хааж жижигхэн цүнхэндээ авч явах зүйлсээ хийхээр суулаа. Надад боож баглаад байх сүртэй юм байсангүй, нэг даавуу, хуримынхаа даашинз, толгойвч хоёрыг, бас Гэнригийн зураг... Ийм л хэдэн зүйлтэй би тэндээс явсан юм даа. Цүнхээ дурамжхан хааж байтал хаалганд түлхүүр дуугарах чимээ, дараа нь түүний хөлийн чимээ сонсогдов. Тэр хүрээд иржээ. Би малгай цув хоёроо өмсөж, цүнхээ авангаа “Би үүдний хонгилоор өнгөрөхдөө ажлых нь өрөөний хаалгыг нээгээд л харчихъя. Ганцхан удаа... Гэнри намайг анзаарах ч үгүй” гэж бодож байлаа. Ингээд би доошоо бууж, үүдний хонгилд очин Гэнригийн ажлын өрөөний хаалгыг онгойлгож хартал өрөө нь хоосон байна. Би ч одоо яая гэхэв гэж бодоод үүд рүү алхан хаалганы бариулыг атгах тэр агшинд Гэнригийн тайван боловч гунигтай дуу:
- “Иринэ, надад баяртай ч гэлгүй явах гэж байгаа юм уу,” гэх нь тэр. Эргэн харвал
Гэнри зогсож байлаа. Дэндүү их сандарснаас хамаг хяналтаа алдчих дөхсөн би гэдэг хүн:
- “Аанхаа...” гэж утгагүй дуугаар хэлэв.
Бид хоёр түүний ажлын өрөөнд орлоо. Зууханд гал асаажээ. Гэнри гуниг гялалзсан тод хар нүдээрээ над руу ширтэж:
- “Иринэ, чи бид хоёр үүрд салж байна. Магадгүй... Гэхдээ чи бид хоёр нэг нэгэнтэйгээ учрах л хувьтай байсан шүү!” гэв. Би дуугүй л толгой дохилоо. Хэрвээ
ямар нэг юм хэлчихвэл дуу хоолой маань хяналтаас гарчих гээд хэцүү байсан юм.
- “Би чамд ямар нэг бурууг тохохгүй ээ, чамайг муулах ч үгүй. Иринэ, тэр орой зоогийн газарт болсон явдал бол... Чи өөрөө ч анзаараагүй галзуурал байсан байх. Ямар ч гэсэн би чамайг тэр орой байсан эмэгтэй гэж бодохгүй байна”
- “Магадгүй тийм биз... Гэнри...” гэж би тэсч чадалгүй шивнэв.
- “Чи биш шүү дээ. Би чамайг үргэлж хайрлаж явсан тэр эмэгтэй чигээр нь л сэтгэл зүрхэндээ үлдээнэ” гээд Гэнри хэсэг дуугүй болов. Би урьд нь хэзээ ч түүнийг ийм
цөхөрсөн, чимээгүй байхыг нь харж байгаагүй шиг санагдана.
- “Амьдрал үргэлжлэх л болно. Би өөр бүсгүйтэй... чи өөр залуутай гэрлэнэ... тэгээд бүх юм мартагдана” гэж тэр минь үргэлжлүүлэн хэлээд гарыг минь атгана.
- “Гэхдээ чи бид хоёр дэндүү жаргалтай байсан шүү!” гэж хэлэхдээ нүдэнд нь гэнэт
гэрэл тусав.
- “Тийм ээ Гэнри!” гэж би шулуухан бөгөөд тайвнаар хариулахад:
- “Чи тэгэхэд надад хайртай байсан уу? Иринэ”
- “Аанхаа, хайртай байсан...”
- “Гэхдээ, тэр цаг нэгэнт өнгөрч дээ... Юутай ч би чамайг хэзээ ч мартахгүй, Иринэ. Чадахгүй. Би чамайг бодох болно...”
- “Тэгээрэй Гэнри минь! Заримдаа намайг санаж байгаарай!”
- “Чи жаргалтай байна биз дээ, Иринэ? Би чамайг жаргалтай байгаасай гэж хүсч байна”
- “Тэгнээ Гэнри!”
- “Би ч бас... Магадгүй чамтай байсан шигээ тийм их жаргалтай байж ч мэднэ. Гэхдээ одоо чи бид хоёр эргэж харж болохгүй шүү дээ,... хүн чинь урагшаа харж амьдрах ёстой! Чи намайг жаахан ч гэсэн бодох уу? Иринэ”
- “Тэгнэ ээ, би бодно Гэнри”
Түүний минь нүд харанхуй гунигаар дүүрсэн байхыг би харж байлаа. Би толгойгоо өргөж гараа Гэнригийн мөрөн дээр тавиад намуухан бөгөөд ихэмсэгээр:
- “Гэнри, чи жаргах ёстой шүү! Бас хүчтэй, ихэмсэг амьдрах учиртай. Гуниг харууслыг давж гарч чадахгүй тэр л хүмүүс гуниг харуусалтай амьдардаг. Чи бол амьдрал өөд инээмсэглэж явах хувьтай хүн...”
- “За тийм дээ. Чиний зөв... Бүх юм сайхнаар төгссөн шүү дээ. Энэ бүхэн чи бид хоёрын аль нэгнийх нь амьдралыг баллаж болох л байсан шүү дээ! Тэгээгүйд нь би баярлаж байна”
Хэсэг дуугүй суусны дараа Гэнри:
- “Иринэ минь баяртай! Чи бид хоёр дахиж энэ хорвоо дээр ч бараг уулзахгүй биз дээ” гэж хэлсэн юм. Би одоо ч санаж байна.
- “Амьдрал гэдэг чинь богинохон шүү дээ, Гэнри” гэж хэлэхдээ би чичирч байсан.
Гэнрид анзааруулахгүйн тулд би:
- “Гэхдээ хэн мэдэх вэ? Бид хоёр жаран настайдаа уулзаж ч мэднэ шүү дээ” гэж
хурдхан шиг хэлэв. Гэнри инээмсэглээд:
- “Магадгүй ээ! Тэгээд хоёулаа энэ бүгдийг ярилцаад инээж байхгүй юу” гэв.
- “Тийм ээ! Гэнри... Хоёулаа инээлдэнэ...”
Тэр толгойгоо гудайлгаж гарыг минь үнсээд:
- “Яв даа одоо, чи миний амьдралд тохиолдсон хамгийн сайхан зүйл байсан шүү! Иринэ” гэж доор дуугаар шивнэсэн. Тэр толгойгоо өргөж нүд рүү минь хараад:
- “Надад эцсийн удаа ганц ч гэсэн юм хэлэхгүй юм уу?” гэхэд нь би түүнийхээ нүд
рүү харж байгаад хамаг сэтгэлээсээ нэг л хариулт хэлсэн.
- “Би чамайг хайрласан шүү, Гэнри!”
Гэнри гарыг минь дахин үнсээд:
- “Би жаргалтай байх болно оо. Гэхдээ хэзээ ч тэр эмэгтэйтэй учраагүй байсан ч болоосой гэж хүсэх үе ч надад ирнэ. Амьдрал чинь хатуу шүү дээ” гэж сул дуугаар
шивнэлээ.
- “Тийм ээ Гэнри!” гэж би товчхон хариулсан...
Гэнри намайг өргөж ирээд үнсэж билээ... Түүний уруул миний уруул дээр, харин хоёр гар маань хүзүүг нь ороосон байсан. Энэ хамгийн сүүлчийн удаа байсан ч ямар ч гэсэн болсон юм. Одоо хэн ч надаас тэр хормыг булааж авч чадахгүй.
Гэнри надтай хамт гадагш гарлаа. Би хөлсний тэрэг дуудаж дотор нь суугаад, цонхоор нь харахад тэр довжоон дээр зогссоор л байсан юм. Зөөлөн салхи үсийг нь үлээж, харин тэр хөшсөн адил зогсож байсан... Ингэж би хамгийн сүүчийн удаа түүнийгээ харсан юм даа...
Нүдээ аньж, нулимсаа залгиад хичнээн ч явсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ нээхэд такси аль хэдийн буудал дээр ирж зогссон байв. Би мөнгөө төлж, цүнхээ аваад галт тэрэг рүү явлаа.
Гералд Грей намайг буудал дээр хүлээж байлаа. Тэр гоёмсог аялалын хувцас өмсчээ. Гартаа барьсан дуу алдам сайхан цэцгээ надад өгөхдөө баяртай инээмсэглэлээ нүүрнээсээ арчиж чадахгүй байсан юм. Бид нэг их юм ярьсангүй галт тэргэнд суулаа. 10:15-ын үед галт тэрэг хөдөлж эхлэв. Харанхуй цонхны цаагуур буудлын байшингууд, босоо шонгууд, харанхуй гудамжууд ээлж дараагаар жирэлзэн өнгөрнө. Ингээд хот бидний ард хоцорлоо. Галт тэрэгний дугуй өнхөрсөөр...
Бид хоёр кабиндаа хоёулхнаа байв. Ноён Грей над руу нууцхан харж инээмсэглэхдээ намайг хариуд нь инээмсэглэх болов уу гэж бодсон нь илт. Би харин огт амьгүй мэт суусаар байв. Грей:
- “Ингээд арай гэж нэг юм хоёулхнаа үлддэг байна шүү” гэж шивнээд намайг
тэврэхийг оролдсон боловч би түүнийг өөрөөсөө түлхэн холдуулав.
- “Байзаарай, ноён Грей! Бид хоёрт хангалттай цаг байгаа шдээ” гэж намайг
хүйтнээр хэлэхэд:
- “Яасан бэ хатагтай Стаффорд? Үгүй ээ! Хатагтай Вилмэр. Та чинь бүүр цонхийчихсон байх чинь...” гэж үгээ зөөн асуулаа.
- “Яагаа ч үгүй ээ! Зүгээр л би жаахан ядраад” гэж би нөгөө л хүйтэн өнгөөр хэлэв.
Бүтэн хоёр цаг бид хоёр чив чимээгүй, хөдөлгөөнгүй суулаа. Бидний эргэн тойронд байсан ганц чимээ гэвэл галт тэрэгний дугуй л байв. Хоёр цагийн дараа галт тэрэг маань анхныхаа зогсоол дээр зогссон бөгөөд би цүнхээ барин бослоо.
- “Хүүе, та чинь хаачих нь вэ?” гэж ноён Грей дуу нь цахиртан асуухад би юу ч
хэлсэнгүй буув. Галт тэрэгнээс буусныхаа дараа би Грейн сууж байсан кабины онгорхой цонхон дээр ирж:
- “За ноён Грей. Намайг нэг саятан Сан Францискод хүлээж байгаа. Би таныг зүгээр л нөхрөөсөө салахын тулд ашигласан юм. Баярлалаа. Харин энэ тухай та хүнд хэлээд хэрэггүй биз дээ. Эс тэгвээс бүгд таныг шоолон хөхрөх болно шүү дээ” гэж
хэллээ. Тэр амаа ангайн гацчихсан... Сэтгэл нь ямар их дундуур байсныг нь би шууд хараад л мэдэж байв. Гэхдээ тэр жинхэнэ эр хүний зан гаргаж надад тэр бүх сэтгэл тавгүйцлээ үзүүлсэнгүй. Харин:
- “Танд тэгж тус болж чадсан бол би баяртай байна” гэж эелдгээр хэлж чадсан
билээ, Грей. Яг энэ мөчид галт тэрэг хөдөлж, Грей малгайгаа аван над руу даллаад алга болов.
Ингээд л би тэр нэг буудал дээр ганцаараа хоцорсон. Хүв хүнд үүлс удаахнаар хөвсөн нил хар тэнгэр намайг бүрхжээ. Миний санаж байгаагаар тэнд хуучин хашлага бас унжиж норсон модод, нойтон навчис л байсан шиг... Харин тасалбар түгээх цэгийн цонхоор бүдэг гэрэл сүүмэлзэж байлаа. Надад их мөнгө байсангүй. Би гэрэл сүүмэлзэх цонхон дээр очиж байгаад мөнгөө сарвайлгаад:
- “Надад нэг тасалбар өгөөч!” гэж хэлэв. Тэндэхийн ажилчин нь нэг хялайж
харчихаад:
- “Аль буудал вэ?” гэж товчхон асуухад нь би:
- “Аль нь ч хамаагүй ээ!” гэлэээ.
- “За та хэлээдхээч...?”
- “Энэ шугамны хамгийн сүүлчийн буудал хүртэл...”
Ажилчин залуу нэг тасалбарыг миний мөнгөний хагастай буцааж түлхээд сонин харцаар намайг ширтсээр хоцров.
Галт тэрэг буудал дээр ирж зогсоход нь би “Ямар ч хамаагүй нэг буудал дээр буучихна даа” гэж бодсоор дотогш оров. Би нэг цонхны хажууд суугаад дахиж хөдлөөгүй. Эхлээд цонх харанхуй байснаа гэрэлтэй болж дараа нь дахин харанхуй болсныг би санаж байна. Ямар ч байсан би хорин дөрвөн цагаас илүү л явсан болж таараад байгаан. Ёстой мэдэхгүй. Дахиад харанхуй нөмрөхөд би ямар нэг буудал дээр бууснаа санаж байна. Галт тэрэг зогссон... Би буусан... Маш харанхуй ямар ч гэрэл үзэгдэхгүй байгааг мэдрээд буцаж галт тэргэнд суух гэсэн боловч галт тэрэг ганц л хөдлөөд явчихаж билээ. Ингээд л нойрмог ажилчин, бүдэг гэрэлтэй мухлаг, өөрийгөө борооноос хамгаалахын тулд сандал доор хэвтэх нохойноос өөр юмгүй нойтон тавцан дээр үлдсэн дээ. Буудлаас цааш лавшруулан харвал нарийхан гудам, бас хэдэн модон байшин харагдаж байлаа. Цагаа харвал өглөөний гурван цаг болж байв. Би сандал дээр суугаад өглөөг хүлээхээр шийдэв... Бүх юм өнгөрчээ... Би хийх ёстой юмаа хийлээ... Амьдрал ингээд л дуусчихсан...
Би одоо тэр хотхонд амьдардаг юм. Жижигхэн дэлгүүрт өглөө есөөс орой долоо хүртэл ажиллана. Би хамгийн ядуу нэгэн байшинд хоёр өрөөг нь эзэгнэдэг, гэхдээ тусдаа шаттай болохоор намайг хэзээ, яаж гарч орж байгааг хэн ч анзаардаггүй юм. Надад танил нөхөр энэ тэр гэх юм юу ч байхгүй. Би ажилдаа яг таг ханддаг ч хэзээ ч ярьж байгаагүй. Тиймээс хамт ажилладаг хүмүүс маань миний нэрийг ч мэдэхгүй. Харин байрныхаа эзэнтэй сард нэг удаа төлбөрөө хийх гэж тааралддаг юм...
Би ерөөсөө юм боддоггүй. Ажиллаад л, гэртээ ирээд, идчихээд л, унтана. Тэгээд л болоо... Би уйлдаггүй. Заримдаа ойдог шилэнд өөрийгөө харахад цонхийж цайсан нүүр, нүүрэндээ арай томдсон, энэ дэлхийн хамгийн тайван чимээгүй хоёр нүдийг л хардаг. Би гэртээ ч үргэлж ганцаараа байдаг. Харин Гэнригийн баяртай инээмсэглэсэн зураг ширээн дээр минь үргэлж байсаар ирсэн. Зурагны хүрээн дээр “Иринэ-дээ Гэнри. Үүрд мөнх” гэж бичсэн байдаг юм. Ядарсан үедээ би ширээний өмнө сөхөрч суугаад түүнийгээ удаан гэгч нь хардаг...
Хүмүүс цаг хугацаа бүгдийг авч оддог гэлцдэг. Гэхдээ тэр хууль нь надад үнэн байгаагүй. Он жилүүд өч төчнөөнөөрөө урссан ч би Гэнри Стаффорд-д хайртай хэвээр л байсан юм. Одоо ч хайртай... Тэр маань одоо аз жаргалтай байгаа. Би түүнд аз жаргалыг нь авч өгсөн юм. Тэгээд л болоо. Намайг авааль нөхрөө худалдаж авсан гэж ярилцдаг хүмүүс магадгүй зөв байх. Гэхдээ би түүнийхээ амьдралыг, аз жаргалыг нь өөртөө байгаа бүх юмаараа төлж байж авч өгсөн юм шүү.
Би Гэнрид хайртай. Хэрвээ бурхан надад дахиад амьдрах боломж олгосон бол би яг л өөрийнхөө хийснийг ямар ч эргэлзээгүйгээр хийх байсан.
Намайг сонсох хүн бүрт би үүнийг л хэлье! Хэзээ ч хүнийг ухаан санаанаасаа илүү бүү хайрлаж бай! Хайраас өөр ямар нэг зорилго, хүсэлтэй бай. Хайрандаа хязгаар заавал тавь!... Хэрвээ чи чадвал шүү дээ... Би бол чадаагүй.
Хүн үхэн үхтлээ амьдрах учиртай. Тийм ч учраас би амьдарсаар л байна. Гэхдээ энэ амьдрал маань нэг их удахгүй болсныг би мэдэрч байна. Төгсгөл ирж явааг би харж байгаа. Би өвчтэй зовлонтой биш ч миний хүч чадал, амь маань дотроосоо унтарч байгааг би мэдэрч байна. Өнгөрсөнд..., болж өнгөрсөн бүхэнд би огтхон ч харамсдаггүй. Дараа нь юу болохоос айдаг ч үгүй. Амьдралаас хүсэх ганцхан л юм надад үлдсэн. “Би Гэнриг дахиад нэг л удаа харчихмаар байна”. Миний бүх л амьдрал болсон тэр хүнийг би ганцхан удаа, эцсийн ганц л удаа хармаар байна. Ганцхан удаа... Би нэгэнт хотдоо буцаж чадахгүй учраас залбираад л хүлээгээд байдаг. Би үнэхээр утга учиргүй ихээр залбирч хүсдэг. Одоо надад нэг их цаг ч үлдээгүй байна...
Гудамжаар алхан явахдаа би зөрөн өнгөрөх хүн бүрийг ажиглан хардаг. Орой нь гэртээ ирээд Гэнригийн зургийг харж “Өнөөдөр биш байна аа, Гэнри минь. Магадгүй маргааш...” гэж шивнэнэ. Би дахиад түүнтэй уулзах болов уу, түүнийг харах болов уу? Би өөртөө тэгнэ гэж дандаа хэлдэг ч дотроо тэгэхгүй гэдгээ мэдэж байдаг...
Ингээд би өөрийн түүхээ бичиж дууслаа. Хамаг сэтгэлээ чангалан байж бичиж дуусгалаа. Хэрвээ Гэнри үүнийг унших юм бол тэр ямар ч гэсэн сэтгэл дундуур байхгүй биз. Харин тэр минь бүгдийг нь ойлгоно. Тэгээд энэ бүгдийг уншчихаад тэр магадгүй... үгүй ээ... тэр надтай уулзах гэж ирэхгүй. Тийм юм хийх ёсгүй гэдгээ тэр ойлгож байгаа. Харин тэр гудамжинд надтай зөрөөд л өнгөрөх болно. Намайг огт анзаараагүй юм шиг. Харин би дахиад ганцхан удаа... эцсийн удаа түүнийгээ харна...
Төгсөв. 1926 Чикаго
KADGIP (formerly Pokinbet) and online casino - KADGIP
ReplyDeleteKADGIP 온카지노 (formerly Pokinbet) 제왕카지노 and online casino - 인카지노 KADGIP.